Ч.Сүхцэрэн: Уяачдын хөдөлмөрийг үгүйсгэх гэсэнгүй, гэхдээ улс, аймгийн манлай уяач гэж анги даварга үүсгэхээ болих хэрэгтэй

Наадам бол бидний соёлын үнэт, биет бус өв, бусад улс үндэстнээс ялгарах соёл,  өв уламжлалын маань нэг хэсэг билээ.

Энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалан өдөрт 2000 гаруй хүн өвчилж, эрдэнэт хүний амь нас эрсдэж байхад тэмдэглэхгүй өнжье гэсэн санал гаргаж, залуус #Nonaadam гэж эсэргүүцэн жагссан билээ. Уяачдын хувьд эсрэгээрээ Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг бухимдан хүлээн авч морьтой жагсаал хийж нийгмийг талцуулаад авсан.


Тэгвэл #NoNaadam жагсаалд оролцоогүй ч, наадмын зарим нэгэн буруу үйлдэл, бичигдээгүй хуулийг өөрчлөх хүсэлтэй уяачид цөөнгүй. Тэдний нэг нь уяач Ч.Сүхцэрэн юм.

Тэрбээр “Энэ удаад аюулт өвчнөөс болж наадмаа хойшлууллаа. Олон зуун, мянган жил өвлөгдөж ирсэн соёл шүү дээ. Ганцхан жил өнжихөд устдаг тийм хариугүй ч юм гэж юу байх вэ дээ” гэсэн юм. 

Уяач Ч.Сүхцэрэн “Яах ч аргагүй учраас өнжиж байна. Харин  уламжлалаа больж, Үндэсний их баяр наадмаа үгүйсгэх хандлага гарах вий гэж сэрэмжилж байна. 

Ийм учраас наадмаа эргэж харж юу нь болж, юу нь болохгүй байгааг ярилцаж, засаж залруулах хэрэгтэй байна. 

Тухайлбал, наадам бол бидний түүхэн өв соёл, уламжлалын нэгээхэн хэсэг гэдгийг бүгд маргахгүйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч наадам тэмдэглэж буй өөрсдийн зан байдал, үйлдлүүдээ хязгаарлаж буруугаа залруулах хэрэгтэй болов уу. 

Наадам тойрсон олон л асуудал байна. Гэвч би зөвхөн хурдан морь уяачдынхаа тухай өөрийн санааг хуваалцъя. 

1639 онд Анхдугаар Богд Занабазарт зориулж Даншиг наадам зохиосноос хойш монголчууд наадмыг тасралтгүй тэмдэглэж байна. 

Энэ урт хугацааны түүхэнд хурдан морь уяач нарт хэргэм зэрэг, цол огт олгож байгаагүй. Шандаст хурдан хүлэг, нутаг хошууных нь нэр тодрон гардаг байсан юм билээ. Гэхдээ  тусдаа уяачдад нь тусдаа олгодог цол гэж байгаагүй юм.

30 гаруй жилийн өмнөөс л “Алдарт уяач” цолыг анх гаргаж арван уяачид олгосон. Олон алдарт уяач тодроод ирэхээр хангалтгүй байсан юм байлгүй. “Манлай уяач” цолыг нэмсэн. Олон манлай дотроос ялгарах гэснийх юм уу, дахиад л “Тод Манлай уяач” цолыг гаргаад зогсохгүй, аймаг сумын хэмжээнд ч цол олгох болсон. Урьдын цагт бол “ийм сүртэй” малгай, цэргийн одон шиг медаль байгаагүй л юм билээ. 

Миний эргэн тойронд улс, аймгийн алдар цолтой олон уяач өвгөд, анд нөхөд бий. тэр  бүх хүмүүсийн зэрэг цол, хүч хөдөлмөрийг үгүйсгэх эрх надад байхгүй. 

Гэсэн ч энэ бол ердөө 30 жил болж буй шинэ үзэгдэл. Үүнийг одоо болиулж уяачид хоорондоо аймаг сумын алдарт, улсын манлай гэж анги давхарга, тэгш бус байдал үүсгэхээ больж хөдөө хотгүй тэгш сайхан наадамладаг болцгооё гэж уриалмаар байна.” гэсэн юм. 



Холбоотой сэдвүүд

наадам уяач хурдан морь

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.