Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралт 83 хувьтай байна

П.Мөнгөнсор
09 сарын 14, 2026

Хоёр жилийн өмнөөс бүтээн байгуулалт нь эхэлсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна.  

45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, 6.6 га газарт баригдах музейн барилга ашиглалтад орсноор хэмжээгээрээ Ази тивийн орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт орно.

 Барилга угсралтын ажил дууссаны дараа музейн дотоод засал, үзүүллэг дэглэлтийн ажлыг гүйцэтгэнэ.

Үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг Шинжлэх ухааны академийн долоон хүрээлэн, МУИС, ХААИС, ШУТИС-ийн нийт эрдэмтэн судлаачдаас бүрдсэн найман дэд ажлын хэсэг боловсруулж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл одоогоор 98 хувьтай байна.

Музей нь орчин үеийн технологийн шийдэл бүхий виртуал бодит орчин, мультимедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий 7 байнгын үзүүллэгийн танхимтай байна. Мөн түр үзэсгэлэнгийн танхим, амфитеатр, номын сан, хурлын танхим, зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, 500 орчим автомашины зогсоолтой байх юм.

Үзэсгэлэнгийн долоон танхимд нэг дор дунджаар 2,500-3,000 хүн чөлөөтэй зэрэгцэн зочлох боломжтой бөгөөд өдөрт 3500-5000 зочин нэвтрүүлэх хүчин чадалтай.

Тус музей нь шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд, багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.


Мөн байгаль, соёлын өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, судлах, сурталчлах замаар ногоон нийгмийн үзэл баримтлалыг төлөвшүүлж, байгаль орчны боловсрол, тогтвортой хөгжил, насан туршийн суралцахуй, уур амьсгалын хариуцлагатай хандлага, олон улсын хамтын ажиллагааг дэмжин, Монголын онгон байгаль, байгалийн өвийг онцлон таниулсан экологийн боловсрол, мэдлэгийн төв болон хөгжих юм.

Музейн барилгын зураг төслийг “Хатанбаатар” ХХК боловсруулж, “Содон Номин констракшн” компани гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 онд Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болсон юм. Өдгөө тус музей байгалийн холбогдолтой 12 мянга орчим үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.