Ардчилсан нам /АН/-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Р.Амаржаргал, Б.Дэлгэрмаа тэргүүтэй намын удирдлагууд БНХАУ-ын Коммунист нам /ХКН/-ын урилгаар тус улсад ажлын айлчиллаа. 

Энэ онд Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилйин ой тохойсон онцгой  жил байлаа. Албаны төлөөлөгчдийг Хятадын Коммунист намын Төв Хурлын Улс  төрийн товчооны гишүүн, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороон дэд дарга Ван Чэнь хүлээн авч уулзлав. 

Уулзалтын үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах бодлого баримталж буй нь хоёр талын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж олгож байна. БНХАУ-тай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Энэхүү зарчмын байр суурийг Монголын улс төрийн бүх хүчин нэгдмэл байдлаар залгамжлан хэрэгжүүлж, агуулгыг нь баяжуулж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна. 

Сүүлийн жилүүдэд хоёр орны  харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад миний бие ихээхэн сэтгэл хангалуун байдаг. 

Ялангуяа манай нам засгийн эрхэнд байх үед хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн зэрэгцээ ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлууд шийдэгдэж, тэдгээр нь манай эдийн  засгийн хөгжилд чухал нэмэр болж байгааг энд онцлон тэмдэглэе. 

Язгуур эрх ашгаа харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлийг байнга бэхжүүлэх нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь зарчим юм. Энэ чухал үйл хэрэгт намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой. Иймд  Коммунист намын урилгаар БНХАУ-д хийж буй манай намын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд  тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Намайг болон манай намын  төлөөлөгчдийг албан ёсоор урьж, халуун дотноор хүлээн авч буйд намынхаа олон мянган гишүүний өмнөөс гүн талархлаа илэрхийлье" гэв. 

Харин Бүх Хятадын Ардынтөлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дэд дарга Ван Чэнь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баяр хүргээд Ардчиллын замыг амжилттай  хэрэгжүүлж буй Монгол Улсаас суралцах зүйл их. Манай хоёр орны харилцаа түүхэнд байгаагаагүй таатай үедээ хөгжиж буйд хоёр талын, тэр дундаа АН-ын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна" хэмээлээ.

Тус  айлчлалын хүрээнд АН-ын дарга С.Эрдэнэ болон бусад төлөөлөгчийг ХКН-ын ТХ гадаад харилцааны дэд сайд Ван Яжун хүндэтгэн хүлээн авч уулзав. АН-ын дарга С.Эрдэнэ ХКН-ын 19 дэх удаагийн төв хорооны 4 дүгээр бүгд хуралд оролцож, үг хэлэв.