Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдралтай үнээр худалдаалахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, маргаашаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдан авна. Үнийн хөнгөлөлт нь 2021 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар нэг тн сайжруулсан шахмал түлшийг 150.000 төгрөгөөр худалдаалж буй бөгөөд маргаашаас 50 хувийн хямд үнээр буюу 75 мянган төгрөгөөр авах боломжтой боллоо. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурна.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Цар тахлын үед гэр хорооллын иргэддээ дэмждэг үзүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Сайжруулсан түлшний хөнгөлөлт маргааш буюу 12 дугаар сарын 03-ны 06.00 цагаас эхэлнэ. Нийслэлчүүд сард ойролцоогоор 100.000 тн сайжруулсан түлш хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн өдрүүдэд буюу хөл хорио тогтоосон хугацаанд галлагаа нэлээд нэмэгдэж байна" хэмээлээ.


Сайжруулсан түлшний шинэ үйлдвэрийг энэ долоо хоногт ашиглалтад хүлээлгэж өгнө

Сайжруулсан түлшний нөөц, үйлдвэрлэлийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Энэ жил Улаанбаатарын хэмжээнд 720.000 тн сайжруулсан түлшний хэрэгцээ бий гэсэн захиалга байгаа. Өнөөдрийн байдлаар өдөрт 2800-300 тн сайжруулсан түлшийг одоо ажиллаж буй баруун үйлдвэрт үйлдвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд нэг өдрийн хэрэгцээ нь 2800 тн байгаа.

Сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашигладаг нийтлэнгийн түүхий эд 517.000 тн байна. Өдөрт үйлдвэрлэж буй түлшнээс гадна нөөц 57.000 тн байна. Энэ нь хагас сарын хэрэгцээтэй дүйцэхүйц хэмжээний бэлэн түлш нөөцөнд байна гэсэн үг.

Улаанбаатар хотын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар жилд 600.000 тнн сайжруулах хүчин чадалтай  үйлдвэрийг нийслэлийн зүүн талд барьж буй бөгөөд барилга угсралт 98 хувьтай байна. Энэ долоо хоногт ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орвол түлш үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин нэмэгдэнэ" хэмээлээ.