"Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй учир Дарханы замыг барих ажилд оролцох 105 хятад иргэнийг БНХАУ-аас тусгай нислэгээр авчирна. Тэднийг тусгай машинаар Төв аймгийн нутагт аваачиж 14 хоног тусгаарлаад ажилд нь оруулна" гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.

Уг асуудал нийгэмд нэлээд маргаан үүсгэж, олон нийт эсэргүүцээд буй. Иймд Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хятад ажилчдыг оруулж ирэхийг түр хугацаагаар хойшлуулжээ.

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Бусад оронд шинэ коронавирусийн дэгдэлт улам хурдтай тархаж байна. Цагааннуур, Алтанбулаг боомтоор монгол иргэд орж ирэх хөдөлгөөнийг тодорхой хугацааны дараа хаахаар боллоо. Хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг цуцалсан шийдвэрээ илүү чангатгаж буй учир өмнө нь гаргасан шийдвэр болох гадаадын ажиллах хүчийг оруулж ирэх хугацааг хойшлууллаа. Улмаар хэсэгтээ гадаад ажиллах хүч авахгүй байхаар шийдвэрлэлээ" хэмээлээ.