Цаг үеийн асуудлаар нийслэлийн Онцгой комисс өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр "Коронавирусийн халдварын голомт буюу Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж буй иргэд заавал PCR шинжилгээ өгсөн тохиолдолд нэвтрүүлж байгаа. Иймд ирж буй иргэд орон нутгаасаа гарахдаа зайлшгүй шинжилгээ өгсөн байх шаардлагатай. 

Нийслэлд нийтийн тээвэрт 94 чиглэлд 853 автобус үйлчилж байна. Ачаалал ихтэй 83 чиглэлд тогтмол хяналт тавьж байна. 

Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр өдөр бүр зах, бөөний худалдааны төв, супермаркет, хүнсний дэлгүүрүүдээс судалгаа, мэдээлэл авдаг. Өнгөрсөн хугацаанд 435 байгууллагаас мэдээлэл авсан. Ямар нэгэн хүнсний хомсдол үүссэн нөхцөл байдал байхгүй. Нөөцийн дутагдал үүсээгүй, үйлдвэрлэл, түгээлт хэвийн байна.

Холбогдох тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид иргэдийн хөдөлгөөнд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 5093 албан хаагч 18000 гаруй иргэнд энэ чиглэлээрх заавар, зөвлөмж өгсөн. Мөн чанга яригчаар мэдээлж байна. 

Авто машины тусгай зөвшөөрөл, хот хооронд зорчих, 119.мн сайт, шинжилгээ, эмчилгээтэй холбоотой дуудлага мэдээллүүд ирснийг шийдвэрлэн ажиллаж байна. Орон нутаг руу зорчихдоо шинжилгээ өгөөд, хариугаа авсныхаа дараа хотоос гарахыг иргэддээ анхааруулж байна" хэмээлээ.