УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Загастайн давааг засна” гэж сонгогдоод, засч байна гээд охиныхоо компаниар дамжуулан мөнгө завшсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Тэрбээр уг асуудал дээр тайлбар өглөө.

Я.Санжмятав:

Сонгуулийн сургаар над руу дайрч эхэллээ. Завхан аймагт миний нэр хүнд өндөр байгаа учраас нэр дэвших хүмүүс намайг гүтгэн доромжилж, харлуулж байна.  Ганц намайг ч биш үр хүүхэд рүү минь дайрч давшилж эхэллээ.

Намайг Өгөөдэй зам ХХК-иараа дамжуулан замын тендер аваад алга болсон гээд гүтгээд байгаа юм. Гэтэл энэ компанийн талаар Татварын ерөнхий газраас тодруулахад улсаас авсан ямар нэгэн тендер, төсөл алга. Мөнгө шилжүүлж авсан ч зүйл алга. Хэрэв миний охинтой холбоотой гэж үзэж байгаа бол би хүн болгонд тайлбарлаж чадна. Гэтэл энэ компани 2014 оноос хойш нэг ч ажил хийгээгүй, татвар төлөөгүй байна. Хэрвээ үнэхээр татвар төлөөгүй бол хуулийн арга хэмжээ авна биз дээ. 

Иймээс улс төрч ааваасаа болоод үр хүүхдэдээ муу нэр зүүлгэж чадахгүй. Хүний хувьд хүүхдүүдээ өмөөрнө. 

Завханы сумдад гэрэл цахилгаангүйгээсээ болоод сурагчид дүрэмт хувцасаа индүүдэхийн тулд цогны индүү халааж, сугныхаа булчирхайг цочтол савж байгааг хараад өрх зүрх минь эмтэрч явсан удаатай. Тиймээс ч өвлийн цагт шон суулгах газар ухуулж, эрчимтэй хөгжлийн санг байгуулсан. Ингээд эхлээд хоёр цагаар дараа нь дөрвөн цагаар одоо 24 цагаар гэрэл цахилгаан асдаг болгож чадсандаа бахархаж явдаг.

Харин ч би Завхан аймагт зам тавих ажлыг би хийлгэсэн. Гэтэл нутаг оронд хийсэн зүйлийг минь үгүйсгэж гүтгэж байна. Харин ч биш 67 км замыг засахын тулд зүтгэж байна. Цаашдаа ч зүтгэнэ, би бол нэр цэвэр явахыг эрхэмлэдэг хүн. Үүнийг миний нутгийн ард түмэн мэднэ. Аль ч нам ялгаагүй бид ах дүүс шиг болчихсон. Увайгүй зүйл хийчих хүн биш гэдгийг тэд мэднэ.