ТЕХРАН. /NHK/Япон улс Иранаас нефть үргэлжлүүлэн импортлохгүй бол Вашингтон, Техраны хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэрхшээлтэй хэмээн Ираны олон улсын харилцааны мэргэжилтэн хэлжээ.

Японы Ерөнхий сайд Абэ Шинко Ираны удирдагчидтай лхагва, пүрэв гарагт уулзсаны дараа Техраны их сургуулийн профессор Мухаммед Маранди ийнхүү мэдэгдсэн байна. 

М.Марандигийн хэлснээр, Япон нефтийн худалдан авалтаа эхлүүлэхгүй бол Иран тус улсыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг аялдан дагаж байна хэмээн үзэх аж. 

АНУ Иранаас нефть импортолдог Япон тэргүүтэй хэд хэдэн орныг хориг арга хэмжээнээс чөлөөлөх шийдвэрээ цуцалсны дараа Япон Иранаас нефть худалдан авахаа зогсоосон юм. "Хэрэв Япон улс чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгаа бол Ираны нефтийг худалдан авахаа үргэлжлүүлж, эдийн засгийн харилцаагаа сэргээх хэрэгтэй" гэж М.Маранди хэлсэн байна. 

Мөн тэрбээр, АНУ цөмийн гэрээг биелүүлж, Ираны эсрэг эдийн засгийн “терроризм”-оо зогсоогоогүй тохиолдолд АНУ-тай хэлэлцээ хийх сонирхол манай улсад байхгүй гэж нэмж хэлжээ. 

Өнгөрсөн онд Д.Трамп Иран дэлхийн томоохон орнуудтай 2015 онд байгуулсан цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргаж, тус улсын эсрэг дахин хориг арга хэмжээ авсан билээ. 

Лхагва гарагт болсон Япон, Ираны удирдагчдын хэвлэлийн бага хурлын үеэр Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани хэлэхдээ, бүс нутгийн хурцадмал байдлыг Ираны ард түмний эсрэг Америкийн эдийн засгийн дайн бий болгосон гэжээ.

Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи пүрэв гарагт Японы Ерөнхий сайдтай уулзах үеэрээ Иран АНУ-д итгэхгүй байгаа хэмээгээд, ямар ч улс орон шахалтын дор хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг