МОСКВА. /TASS/. Аугаа Эх орны дайны ялалтын баярыг тэмдэглэх үеэр ОХУ-ын Үндэсний гвардын цэргийн холбооны албаны /Росгвардия/ 23 мянган ажилтан эмх журам сахиулна гэж тус байгууллагын төлөөлөгч Валерий Грибакин мэдээлжээ.


“Улсын хэмжээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангахад 23 мянган хүнтэй бие бүрэлдэхүүн гаргана. Москва хотод баярын үеэр эмх журам сахиулахад Үндэсний гвардын 5000 цэрэг оролцоно” гэж тэрбээр хэлсэн байна.


Өнөөдөр Аугаа Эх орны дайны ялалтын 74 жилийн ойг ОХУ болон дэлхийн бусад оронд тэмдэглэнэ. Оросын хотуудад цэргийн албан хаагчид болон цэргийн техникүүд оролцсон ёслолын жагсаалууд, “Мөнхөд дурсагдах дайчид” явган жагсаалууд, “Фронтын кинотеатр” зэрэг ялалтын баярт зориулсан янз бүрийн үйл явдал болно. Үдэш нь олон хотод баярын салют буудуулна.


Аугаа Эх орны дайны ялалтын баярт зориулсан гол жагсаал Москва хотын Улаан талбайд болдог билээ. Цэргийн сүрт жагсаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Владимир Путин, Засгийн газрын гишүүд, ерөнхийлөгч болон парламентын тамгын газрын удирдлагууд ажигладаг уламжилалтай. Үүний дараа тэд Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөх ёслолд оролцох юм. ОХУ-ын Ерөнхийлөгч уламжлал ёсоор Ялалтын өдөрт зориулан Кремльд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг