Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч“Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон билээ.

Осол энэ сарын 23-ны 23:10 цагийн орчимд гарсан юм. 

Осол гарангуут Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, аймгийн цагдаа, хууль, хяналтын байгууллагаас ажиллаж байна. Өнөөдөр 9 цагийн үед Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газартай холбогдоход эрэн хайх ажиллагаа 4 дэх хоногтоо эрэн хайх ажиллагаа явагдаж байна гэлээ.

Дуудлагын дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцөлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. 

Мэргэжлийн хяналтын байгуулагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийсэн аж.

Тухайн үед,

-“Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан

-Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, 

-Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй

-Уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан,

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй

-Ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй

-Уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн актаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйл ажиллагааг нь зогсоосон.