Бидний амьдарч буй энэ л модерн дэлхий цаг хугацааныхаа эрхэнд байгалийнхаа жам ёсоор үзэсгэлэнтэйгээр хөгшрөхөд зориулагдаагүй билээ. Мөч бүхэнд тохиох хүрээлэн буй орчны стресс үүсгэгч хүчин зүйлүүд, хорт бодисуудын нөлөөнөөс улбаалан арьс эсийн түвшиндээ гэмтэх нь ч  их болжээ. Тэгвэл арьсны мэргэжилтний зөвлөснөөр доорх асуултууд нь биднийг залуу төрхөө бага ч болов удаан хугацаанд хадгалахад тус хүргэнэ.

Та өдөрт хангалттай их хөдөлгөөн хийж байгаа юу?

Заавал дасгал гэлгүй зүгээр л алхаж, булчингаа ачаалал багатайгаар ажиллуулж байх нь хөгшрөлтийг удаашруулах болоод уян хатан байхад эерэг нөлөөтэй. Бага ч болов тогтмол хөдөлгөөнтэй байх нь дааврын тэнцвэрийг хадгалахаас өгсүүлэн, танин мэдэхүйн үйл ажиллагааг идэвхжүүлж хөгшрөлтийг удаашруулах боломжийг олгодог. 

Илүү булчинлаг биетэй байх нь дан ганц хөгшрөлтөд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй булчингийн массаа нэмэх дасгал хөдөлгөөн хийснээр цаашдаа тархины үйл ажиллагаа, санах болох суралцах үйлийг дэмждэг байна. 

Түүнчлэн шууд нөлөө үгүй жижиг хөдөлгөөнүүд ч дадал болгож чадвал эрүүл байхад тустай гэдгийг мартаж болохгүй. Өдөр тутамдаа хийдэг аар саархан хөдөлгөөнүүдээ бүү дутуу үнэлээрэй. Дуслыг хураавал далай гэдэг шүү дээ. Зүгээр л гадуур алхах нь ч таны бие болоод тархинд маш ихээр нөлөөлж байдаг. Дасгал хөдөлгөөн хийх хүсэлгүй ч боломжтой үедээ цахилгаан биш явган шатаар явчихдаг, хэрэв чаддаг бол ажилдаа дугуй унаад явчихдаг байвал та өөрийгөө хөгшрөлтийн эсрэг үнэхээр сайн арга хэмжээ авч байгаа юм байна гэж бодоорой. 


Та хангалттай хэмжээний ус ууж байгаа юу?

Ус бол амьдралын жанжин шугам билээ. Бид өөрсдийн бие дэх хорт бодисуудаа хөлс, шээс, ялгадсаараа гадагшлуулж байдаг тул өдөрт уух усныхаа хэмжээг нэмэгдүүлэхэд ариун цэврийн өрөөг ашиглах нь ч нэмэгддэг. Гэхдээ үүнд буруу зүйл огт үгүй. 

Ариун цэврийн өрөө ашиглах бүртээ суудлаасаа өндийн багахан хөдөлж аваад явдаг нь ч жижиг хөдөлгөөнд тооцогдох тул энэ бүгд л өөр хоорондоо холбогдож байгаа юм.


Та стрессээ хангалттай хянаж байгаа юу?

Стресс бол бидний биед сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг. Симпатик мэдрэлийн тогтолцоо нь ямар нэг аюул заналын үед автоматаар тулалд эсвэл бууж өг гэсэн хариу үйлдэлийн аргыг идэвхжүүлдэг. Өнөөгийн нөхцөлд тохируулан талбарлаваас цахим шуудан, зурвас, нийгмийн тусгаарлалт, сэтгэл зовнил, сошиал медиа дээрх мэдэгдэлүүд болоод цар тахал нь бид бүгдэд л нөлөөлж буй. 

Гэвч архаг буюу хүндэрсэн стресс нь бидний ДНХ дэх теломеруудийг цөөлж цаашилбал наснаасаа эрт хөгшрөх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Дээр дурьдсан стрессүүд л гэхэд бидний хөгшрөлтийг огцом хурдасгах хүчтэй гэсэн үг. Энэ тохиолдолд бид аль болох тайван байж өөрсдийн парасимпатик мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэх хэрэгтэй. 


Та ямар нэг хүмүүсийн бүлэг, хүрээлэлд харьяалагддаг уу?

Дотно хүрээлэлтэй байж түүнээсээ дэмжлэг авч байх нь бидэнд өөрсдийгөө хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр мэдрэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. 

Судалгаагаар нийгмийн харилцаа нь эрүүлээр хөгширч, эрч хүчээ удаанаар хадгалахад тусладаг аж. Өөрийн гэсэн хүрээлэлтэй байснаар ганцаардсан болоод нийгмээс тусгаарлагдсан мэдрэмжүүдийг үлдэн хөөдөг юм. Ингэснээр бид илүү жаргалтай, урам зоригтой, эрүүл байх боломжийг олдог байна. 


Та хэр чанартай нойр авдаг вэ?

Хэрэв та үнэхээр л хөгшрөлтийг удаашруулмаар байвал сайн унтаж амар. Унтаж байгаа үед хүний бие амарч, юунд ч стреасстдэггүй шүү дээ. 

Мөн унтаж байх үед хүний тархи хэрэгтэй болоод хэрэггүй мэдээллүүдийг ангилж байдаг юм. Тэгэхээр сэтгэл зовоох зүйлс багасна гэсэн үг. 


Та дийлэнхдээ боловсруулаагүй хүнс идэж байна уу?

Хоол хүнс нь эсийн шинэтгэл, арьсны эрүүл ахуй, хөгшрөлтийн үйл явцад шууд хамааралтай. Та багахан хугацаа зарцуулаад өөрийн өдөрт авах уураг, эслэг, тослогт анхаарч чадвал сэтгэл тань ханаж, цадтал идэх боломжтой болно. Үнэхээр шүү. Ямар ч дэглэм шаардлагагүй. Эмчийн хувьд ч би өөрийн хоолыг хориод байдаггүй бөгөөд зөвхөн боловсруулаагүй хүнс хэрэглэхэд л анхаардаг. Талх гэхэд л тээрэмдэж цайруулсныг нь бус бүхэл үрийн талх сонгоход л бидний бие үнэхээр эерэг хариу үзүүлдэг. 

Энэ хооллолтын хэв маягийн хүрээнд та өөрийн хүссэн бүтээгдэхүүнээс уураг авч болох ба брокколи, бруссель нахиалдаг, цэцэгт байцаа гэх мэт хүнсний ногооноос хэрэгцээт эслэгээ харин тослогоо цэвэр чидун жимсний тос, авокадо, самар, үр зэрэг байгалийн гаралтай, өндөр чанарын тослогтой бүтээгдэхүүнээс авахад л болох юм. 


Эх сурвалж: Poosh