Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 5-р сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон зарладаг билээ.

Тиймээс энэхүү өдрийг дэлхийн нийт улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг. 

Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах аж. ДЭМБ-ын мэдээллэснээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна.

НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн нийтийн тамхины одоогийн чиг хандлага цаашид үргэлжилсээр байвал чимээгүй үхэл буюу тамхины улмаас энэ зуунд нэг тэрбум гаруй хүн нас барна гэсэн судалгаа байдаг аж. Манай улс ч мөн адил энэ өдрийг тэмдэглэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ өдөр тамхи худалдаалахгүй, мөн тамхи татахгүй байхыг уриалсан арга хэмжээнүүд зохион байгуулагддаг билээ.

Сонирхуулахад 30-35 насандаа тамхиа хаясан тэр хүмүүс хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүстэй адилхан насладаг гэдгийг эрдэмтэд баталжээ.