Куба улсад “Майкл” хар салхи дэгдэж, баруун нутгийн Пинар-дель-Рио мужид тамхины тариалангийн талбай сүйдсэнээс үл хамааран энэ онд 34 мянган тонн тамхи хураах зорилт тавьсан тухай Кубын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэв.

Төрийн өмчит “Tabacuba” компанийн ерөнхийлөгч Юсто Фуэнтесийн хэлснээр, тус компани тамхи тариалагчидтай гэрээ байгуулсан бөгөөд үүнд энэ оны тамхины ургац өндөр байхаар тохирсон аж.

Энэ жилийн тамхины тариалалт лхагва гарагт эхэлсэн бөгөөд төвийн нутгийн Санкти Спиритус мужид тариалангийн ажил хэдийнэ эхлээд байгаа юм. Тус муж нь Куба улсын тамхины тариалан өндөр хөгжсөн хоёр дахь бүс нутаг юм.

“Tabacuba” компани энэ улиралд 30000 гаруй га талбайд тамхи тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд уг улирал нь 2019 оны эхээр дуусч, ургацаа хураах ажээ.

Харин өнгөрсөн долоо хоногт Куба улсын тамхины тариалангийн гол бүс нутаг болох Пинар-дель-Рио мужийн Вуетлабао бүс дэх олон мянга га талбай хүчтэй хар салхины улмаас сүйдсэн тул нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тус бүс нутаг нь Куба улсын үндэсний тамхи үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг хангадаг ажээ.

Тамхины аж үйлдвэр нь тус улсын дөрөв дэх том ажлын байр бий болгогч салбар бөгөөд энэ салбарт 200 мянга орчим хүн ажилладаг юм. Түүнчлэн ургац хураалтын оргил үед ажиллагсдын тоо 250 мянгад хүрдэг байна.

Куба улс 2017-2018 онд 30 мянга орчим тонн тамхи хураасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 мянган тонноор өссөн үзүүлэлт болсон байна. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг