Ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, УИХ яаралтай горимоор батлахаар хэлэлцэж буй.

Уг асуудлаар ахмадуудын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр н.Бямбаа "Тэтгэвэр, тэтгэмжийн асуудал эмзэг сэдэв. Монгол Улсад хүний эрх тэгш байдлыг хангах Үндсэн хуулийн тогтолцооны нэг том асуудал нь өндөр насалсан, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс тэтгэвэр, тэтгэмж авна гэж хуульчилсан. Гэтэл байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй олгоно хэмээн тусгаж шинэчлэн баталсан Үндсэн хуулийнхаа агуулгатай үл нийцэх, ялгаварлан гадуурхсан шинжтэй тэтгэврийн зээл тэглэх хуулийн төсөл өргөн барилаа.

Үүний цаана хэд хэдэн ноцтой асуудал байна. Хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж, ирээдүйгээ баталгаажуулах хөрөнгөө нөөцөлдөг. Монголд 35 жил хэрэгжүүлсэн нийгмийн даатгал, тэтгэврийн энэ суурь тогтолцоонд алдаа гаргах хууль батлах гэж байна. 421 мянган ахмадаас 230 гаруй мянгынх нь тэтгэврийг тэглэсэн байдлаар хамруулж, үлдсэн 190 гаруй мянган хүнд ирээдүйд гэж амалсан ВАУЧЕР, үнэт цаас өгнө гэж ярьж байна. 

Энэ шийдвэр хэд хэдэн салбарыг чирж унагахаар болж байна. Даатгал гэдэг шимтгэлээр ирээдүйгээ баталгаажуулах логик ойлголтыг байхгүй болгоно. Эрсдэлтэй үед зээл олгодог банкны тогтсон механизмыг үгүйсгэх асуудал хөндөгдөнө. Мөн зээл аваад огт төлөхгүй байж болно, төр тэглэдэг гэсэн ёс суртахууны дортойтол бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. 

Зээл тэглэхийн эсрэг гэхээс илүү шударга ёс тогтоохыг бид шаардаж байна. Ахмадуудын тэтгэврийн хэмжээ маш бага байна. Тэтгэврийг нэмж ядаж 400.000 төгрөг болгож, амьдрах хэрэгцээг нь баталгаажуулах ёстой болохоос "өнөөдөр хэрэглээд маргааш үх" гэсэн "золбин" улстөр, үндэслэл, тооцоогүй судалгаа байж таарахгүй. 

Улстөрчид тэтгэврийн зээл тэглэх асуудлыг сонгууль, өөрсдийнх нь эрх ашигт хэрэгтэй гэсэн ганцхан өнцгөөс харж байна. Дараа нь Монгол Улсын эдийн засаг яах вэ гэдгийг тоохгүй байна" хэмээлээ.