УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид үндэслэн ХНХ-ын сайд тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл оруулж ирсэн байна. Салхитын мөнгөний ордод тулгуурлан бонд босгох замаар 750 тэрбум төгрөг олоод, тус мөнгөө хоёр банкинд хийнэ гэж байна. 

500 гаруй тэрбум төгрөг нь ХААН банк руу, үлдэгдэл нь Төрийн банк руу явна гэж би ойлголоо. Энэ бодлогыг оруулж ирж буй нөхдүүдийн цаад санаа нь ХААН банк, Төрийн банкны алдагдлыг хаах хувийн бизнесийн өчүүхэн санаархал гэж би хардаж байна. Бид төрийг түших гэж сонгогдсон, ард түмнийг ялгаварлан гадуурхахгүй, тэгш эрхийн зарчмыг дээдлэн зүтгэнэ гэж Үндсэн хуульд тангараг өргөсөн хүмүүс юм.

Өнөөдөр орж ирж буй энэ хуулийн төсөл бол зээл авсан ахмадуудын зээлийг хаагаад өгье, зээл аваагүй ахмадуудад юу ч өгөхгүй гэсэн л төсөл байна. Өөрөөр хэлбэл, ахмадуудыг ялгаварлан гадуурхсан, зээл авсан нь хожно, аваагүй нь хохино гэж байна. Тиймээс ШИНЭ намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, энэ бодлогыг буруу байна гэж үзсэн. 

750 тэрбум төгрөгийг ахмадуудад өгөх гэж буй бол Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй бүх ахмадад тэнцүү хуваарилж олгох нь зүйтэй гэсэн саналыг ШИНЭ намын зүгээс тавьж байна. 750 тэрбум төгрөгийг монголын нийт 305 мянган ахмадад хуваахад нэг ахмадад 2 сая 500 мянган төгрөг ноогдож буй. 

Тэгэхээр шударга хуваарилалтыг бид УИХ-ын гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван даргаас хүсэж байна. Цагаан сарын өмнө нэг ч ахмадыг бүү гомдоогоосой. Хэрэв ийм хэмжээний мөнгө байгаа бол бүх ахмадад шударгаар хуваарилж өг" хэмээн байр сууриа илэрхийллээ.