Жилээс жилд Улаанбаатар хотын хөрсний бохирдол нэмэгдсээр байна. Үүнд нөлөөлж байгаа зүйл нь өнөө л бидний хэнэггүй зангаас үүдэлтэй. Хашаандаа муу усны нүхтэй хэрнээ гудамж руугаа угаадсаа асгадаг, хог хаягдлаа ил задгай хаядаг, жорлон нь стандарт шаардлага хангадаггүй учраас хөрс рүүгээ нэвчдэг, энэ эргээд нийслэлийн хөрсний доройтол иргэдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна. 

Стандарт хангадаг бие засах газар битгий хэл ямар ч жорлонгүй хороод ч нийслэлд байгааг Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн захирал Ж.Чойханд өнөөдөр болж буй "Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр танилцууллаа. 

Хөрс агаар, орчны бохирдлын чиглэлээр дагнасан 30-аад мэргэжилтнүүд энэ удаагийн хурлаар Улаанбаатарын хөрсний бохирдолд хийсэн тандалт, хөрсний хүнд металлын бохирдлын судалгаа зэргийг танилцууллаа. Мөн  хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, баримтлах бодлого зэргийг хэлэлцлээ.

Хөрсний бохирдол нь зүгээр л газрын хөрс төдийхэн асуудал биш. Уух ус, амьсгалах агаар, идэх хоол хүнстэй холбоотой учраас анхаарахаас аргагүйн мэргэжлийнхэн хэлж байна.

Бохирдсон хөрсөнд халдварт өвчин үүсгэгч нянгуудын амьдрах чадвар маш сайн. Цусан суулгын нян, шимэгчид гэхэд нэг жил хүртэл амьдрах чадвартай бол боом татрангийн үүсгэгчид 25-30 жил ч амьдрах чадвартай гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд дурьдав. Түүнчлэн нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгаа нь нотлогдсон байна. Тодруулбал, гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд нян бага зэрэг илэрчээ.

Сүүлийн үед өсөлтгүй ураг, элдэв төрлийн хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн. Нүдэнд харагдаж байгаагаар нь бид агаарын бохирдол, утаа руу л чихдэг. Яг үнэндээ хөрсний бохирдол газрын гүний усанд аажимдаа нөлөөлнө. Эргээд бид гүний ус буюу худгийн усаараа ундаалдаг шүү дээ. Бас тэр усаараа хүнсний ногоог услаж ургуулна, мал нь өвс тэжээлээ тэндээс хүртэнэ. 

Тийм учраас л Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол анхаарахаас аргагүй болсныг санууллаа.Тухайлбал хавар болж дулаарах төдийд гар, хөл, ам, нүдний өвчин ихэсдэг нь өвөлжингөө асгасан угаадас, хог хаягдал гэсч амьсгалын замаар ордогтой холбоотой гэнэ. Хэрэв манай орон хүйтний улиралгүй байсан бол Зүүн Өмнөд Азийн, Африкийн орнууд шиг халдварт өвчинд өртөхөд ойрхон, аз болж эрсдэл багатай явж байна гэв.

Гэхдээ арай нааштай мэдээ нь Азийн хөгжлийн банкны судалгаа байлаа. АХБ-ны төслийн судалгаагаар нийслэлийн гэр хорооллын өрхийн 84 хувь нь ирэх 2 жилд багтаж жорлонгоо өөрчилье гэж зорьж байгаагаа дуулгажээ. Иргэдийн хандлага өөрчлөгдөхийн хэрээр нэлээд ахиц ч гарч буй. Нийслэлийн захирагчийн ажлын алба хог хаягдлын шинэ хуулийн дагуу бие засах газрыг өөрчлөхөд мөнгө гаргахаас аргагүй болсон тул төсөвтөө тусгахаар болсон гэв. Мөн энэ ажлын хүрээнд нүхэн жорлонгийн бохирыг задлах амьд бактер буюу био бэлдмэлийг  350 цэгээр худалдан борлуулахаар болсон талаар Улаанбаатар хотын ЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун хэллээ. Эдгээр цэгүүд нь хүнсний дэлгүүр, мини марктет зэрэг иргэдэд ойр хүртээмжтэй газруудад байрлах ажээ.


 Тохижилтоо ямар шийдлээр хийвэл орчин нь бохирдохгүй байх вэ гэдгийг анхаарах ёстой

/ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ажилтан, хөрс судлаач Ц.Болормаа/


Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа сүүлийн жилүүдэд олон талаар судлагдаж байна. Миний хувьд 2012 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Дөрвөн удаагийн томоохон судалгаанд орлоо. Дөрвөн жилийн өмнөх хөрсний доройтлын судалгаагаар нийт дээж авсан цэгийн 85 хувь нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч буюу шууд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой бактер, микро элементүүд илэрсэн. 

Өмнө нь нянгийн бохирдол гэр хорооллын бүсэд бие засах газартай холбоотой байсан бол төвлөрсөн зах худалдааны төвүүдэд нянгийн бохирдол их гарсан. Энэ нь ерөөсөө орчны тохижилттой холбоотой. Зарим зах худалдааны төвийн орчимд булан тохойд нь бие засдаг. Тухайлбал Нарантуул зах, Гандангийн баруун хаалга, Өргөө кино театрын ар талын хороолол орчим гээд газрууд бий. Цаашид холбогдох байгууллагууд орчны бохирдлыг бууруулахын тулд тохижилтоо ямар шийдлээр хийвэл орчин нь бохирдохгүй байх вэ гэдгийг анхаарах ёстой. Энэ чиглэлээр ч бид зөвлөмж хүргүүлсэн байгаа. Хөрсний бохирдлоос сэргийлэхэд оршин суугчдын хандлагыг сайжруулах, иргэдийн хяналт ч хамгийн чухал. Хэрэгжээд эхэлж байгаа ажлын нэг нь хорооны болгоны хэсгийн ахлагч нарын идэвх зүтгэл. Үүний ачаар Гандангийн баруун хаалгын орчмын айлуудын оршин суугч нар ил задгай хог хаягдлаа хаяхаа больсон. Хэрэв нэг айл угаадсаа, хогоо хаячихвал нэг нь утасдаад хороонд зургаар нь баталгаажуулаад мэдэгдчихдэг. 


Хамгийн их бохирдолтой нь Чингэлтэй, Баянгол дүүрэг

/НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Золбоо/

Энэ жил нийслэлийн 8 дүүргийн суурьшлын бүсийн хөрсөнд хийсэн нян судлалын шинжилгээний дүн гарсан. Бидний 74 цэгээс авсан дээжийн 64 хувь нь дунд болох их зэргийн бохирдолтой гарлаа. Нянгийн түвшин өнгөрсөн жилээс 10 хувиар нэмэгдсэн. Хамгийн их бохирдолтой нь Чингэлтэй, Баянгол дүүрэг.

Хүнд металын бохирдол хүн ам төвлөрсөн газрууд, төв зам дагуу, төв цэвэрлэх байгууламжийн орчинд их гардаг. Тухайлбал Дарь Эх, Шархадны эцэс, Амгалан, Хужирбулан мөн Нарантуул, Хүчит шонхор зах орчимд нянгийн бохирдол хамгийн өндөр гардаг. Цаашид иргэд ААН-үүд хуулид заасан иргэний үүргээ л биелүүлмээр байна. Ядаж л угаадсаа, хогоо ил задгай хаямааргүй байна. Мөн бие засах газруудаа стандартын дагуу хийж сурах зэрэг иргэдийн ухамсартай холбоотой ажлууд нэлээн бий. Иргэдийн хувьд стандартын шаардлага хангасан шаардлагын талаар 40 хувь нь мэдсэн гэсэн судалгаа гарчээ. Ихэнхи нь жорлонгоо сайжруулах хүсэл эрмэлзэлтэй, гэвч мөнгө санхүүгийн асуудлаас болоод сайжруулж чадахгүй байна гэдэг. Боломж нь тааруу гэдэг мэдээж шалтгаан боловч гар утас авах гэх юм уу зарим хэрэглээндээ мөнгөө зарцуулдаг. Тэгэхээр жорлондоо мөнгөө зарцуулах тал дээр анхаарал хандуулах тал дээр дутмаг л байна гэсэн үг.


Улаанбаатарт дэлхийн дулаарлын уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажаас 2-2.5 дахин хурдацтай явагдаж байна

/Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга/


Уг нь монголчууд бидний нүүдлийн аж ахуй, уламжлал маань тэр чигээрээ байгаль орчин, хөрсний бохирдлоос сэргийлэхэд чиглэгдсэн байдаг. Гэвч хотжилттой холбоотойгоор хөрсний эвдрэл, тоосжилт Улаанбаатарчуудын амьдрах орчинд халгаатай нөхцөлд хүрчихлээ. Улаанбаатарт дэлхийн дулаарлын уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажаас 2-2.5 дахин хурдацтай явж байна. Энэ үйл явц хангалттай явагдаж байхад иргэд өөрсдийн зүгээс шалтгаалах зүйлээ нэн даруй анхаарал хандуулах цаг нь болсон. 

Нүхэн жорлонг эмхэлж цэгцэлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Үүнээс наана ил задгай хог хаягдлыг хаяхаа больчихмоор байгаа юм. Иймээс иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, боловсруулсан хог хаягдлыг нь авч ашигладаг, мөнгө гэж хардаг болсон цагт асуудал эхнээсээ шийдэгдэх боломж бий.