COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд байгаа билээ. Уг асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдлаа.

Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг Цагаан сарын шинийн 8-ныг дуустал буюу ирэх даваа гараг хүртэл сунгах чиглэлийг өгөв гэж Засгийн газрын Олон нийт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Шаардлагатай төсөвийг Засгийн газар батласан гэдгийг онцоллоо. Хэдийгээр энэ нь эдийн засагт эрсдэлтэй хэдий ч нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ авч, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байна гэв. 

Энэхүү ажилд өмнө нь 4,2 тэрбум төгрөг, энэ удаа 6,5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн бөгөөд авто замын хязгаарлалтыг сунгах дээрх саналыг Улсын Онцгой комисс хуралдаж үүнийг эцэслэн шийдвэрлэнэ гэв. Зөвхөн манай улс л энэхүү хязгаарлалтыг хийгээд байгаа юм биш улс орнууд арга хэмжээ авч байгааг ч мөн онцоллоо.

Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комиссийн хуралдаан болно.