УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Өнөөдрийн 22:00 цагт дуусна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн санал авах байранд ирж, саналаа өглөө.

Тэрээр санал өгснийхөө дараа "Өнөөдөр бол манай ард түмний баярын өдөр. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгох эрхээ эдэлж байна. Иргэд идэвхтэй оролцож, ирц өмнөх сонгуулиудаас сайн байна гэдгийг сая надад хэллээ. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд саналаа өгч байна. 

Сонгуулийг шударга нийгмээ байгуулах үргэлжлэл гэж бодож байна. Нийт ард түмэн, ялангуяа залуус сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Бүх нэр дэвшигчид амжилт хүсье. УИХ-ын сонгууль ямар нэгэн хэл ам, маргаангүй, ард түмний эрхийг зөрчихгүй, хүн бүр идэвхтэй оролцсон, шударга, төр улсаа эмхлэн байгуулсан сонгууль болно гэдэгт итгэж байна. Иргэдийн сэтгэл санааг түгшээсэн үйлдэл, үймээн самуун гарахгүй гэдэгт 100 хувь итгэж байна" хэмээлээ.