Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т заасан Засгийн газар танхимын буюу кабинетын журмаар ажиллана гэсэн журмыг зөрчсөн. Мөн 24 дүгээр зүйлийн 4-т заасан Засгийн газрын гишүүн нь мэдээллэх, байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтлана гэж заасныг тус тус зөрчиж өөрийн ажиллаж буй Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдаас чөлөөлөх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ" хэмээн мэдэгдлээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ЖДҮ-тэй нэр холбогдсон учир ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаа огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлжээ. Уг асуудлыг мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн байна.