УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай хэлэлцэж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлээд буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нэр дэвшигчдийг мэргэжлийн, улс төрийн нөлөөлөгүй байх шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Энд нам дамжсан нэг ч хүн алга. Бүгд өөрсдийнхөө "мөнчгөрөөр" сурсан, мэдсэн, туршлага хуримтлуулсан хүмүүс байна. Нэг л асуудал дээр дутуу байж магадгүй. Үүнийг би өмнө нь Байнгын хорооны хурал дээр ч хэлсэн. Энэ нь зориг. Та бүхэн өнөөдөр УИХ-аас мандат авна. Та бүхний дээр УИХ-аас өөр юу ч байхгүй. Тиймээс би зориг байна уу гэж асууж буй юм. Надад зоригийг шалгасан ганцхан асуулт байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр Шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагуудыг түдгэлзүүлдэг, чөлөөлдөг хуулийг 2019 оны 3 дугаар сард УИХ баталсан. Энэ хууль Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж байгаа гэж үздэг үү. Үүнд нэр дэвшигчид "тийм эсвэл үгүй" гэж товчоор хариулж өгнө үү" хэмээлээ.


Нэр дэвшигчдийн хариулт:

Ж.Хунан - Дээрх зохицуулалт нь хүний эрхийг шууд бол зөрчөөгүй. Хүний эрхийг хамгаалдаг шүүгчийн томилгоотой холбоотой тодорхой судалгаа явуулдаг байсны хувьд энэ зохицуулалт эрсдлийг бий болгож байгаа. Түүнээс шууд хүний эрхийг зөрчиж байна гэж харахгүй байна. Яагаад гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага зөвлөмжийг хүлээж авах эсэхийг шийдэж байгаа.

Д.Сүнжид - Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн хэсэг дэх үзэл баримтлал юу вэ гэхээр Шүүх өөрөө бие даасан, шүүгч хараат бус байх ёстой гэдэг. Яагаад гэвэл төрийн эрх мэдэл хуваарилах онолынхоо дагуу хууль тогтоох бөгөөд хуулийг гүйцэтгэх эрх мэдэлтэй харилцан хяналт тавих учиртай гэдэг үзэл баримтлалыг бид 1992 оны Үндсэн хуульдаа суулгасан. Дээрх заалт энэ үзэл баримтлалтай нийцэж байна уу гэвэл үгүй. Тэгэхээр энэ нь тодорхой хэмжээний эрсдлийг дагуулна. 

Х.Мөнхзул - Шүүх эрх мэдэл хараат бус байснаар хүний эрх хамгаалагдана. Тиймээс би дээрх заалтыг шүүхийн хараат бус байдлыг зөрчиж байна гэж үзэж байна.

Г.Нарантуяа - Шүүх хараат бус байх ёстой гэдэг дээр тууштай зогсоно. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсны дараа би "Жоомоо алах гээд байшингаа шатаав", "Хуульчид хоосон цэцэрхээгүй" гэсэн хоёр нийтлэл бичиж, энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн. 

Б.Энхболд - Судлаачийн хувьд би Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс төрийн аюулгүй байдлыг хангаж буй байгууллага нийтийн ашиг сонирхлын үүднээс тодорхой эрхийн хязгаарлалтуудыг хийх эрхтэй байдаг гэж үздэг. Тиймээс 2019 оны 3 дугаар сард дээрх зөвлөмжтэй холбоотой хуулийг баталсан гэж боддог. Тийм учраас тухайн хууль тодорхой хугацаанд үүргээ биелүүлж, иргэд шүүхэд итгэх итгэл суларсан үед тухайн асуудлуудыг гаргаж ирж тавьсан нь цаг үеэ олсон асуудал байсан. Гэхдээ тогтвортой ийм байх нь цаашдаа хүний эрх, эрх чөлөөг зөрчих, шүүх хараат бус байхад хамгийн бодитой аюул учруулах тогтолцоо юм. Уг заалт үүргээ гүйцэтгэсэн учир одоо шүүх хараат бус байх Үндсэн хуулийн зарчим руу нийцсэн зохицуулалт оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Нэр дэвшигчид хариулсны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зориг байгаа эсэх нь тодорхой харагдаж байна. Илтэд Үндсэн хууль зөрчсөн. Та бүхэн Үндсэн хуулийн сахиулагчид. Үндсэн хуулийн төлөө хэнтэй ч үзэлцэх чадвартай байх ёстой. Индер дээрээс дарга хэлэнгүүт Үндсэн хуулиа нулимж буй хүн хүний эрхийн манаанд зогсохгүй. Ж.Хунан болиорой. Даргаас айдаг хүн хүний эрхийн сахиулагч байж чадахгүй. Хатуу байх ёстой" хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд бол Үндсэн хуулийн цэц биш. УИХ-аар батлагдсан хуулийн буруу, зөвийг зөвхөн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ " гэв