Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. 

Энэ өдөр буюу билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Чингис хаан мэндэлсэн билээ. 

Бүх нийтээр тэмдэглэдэг уг өдөр төлөвлөгдсөн бүх арга хэмжээг цар тахлын улмаас цуцлагдсан болохыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдээд байгаа юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Их эзэн Богдын үйл, ухаан, үлгэрлэлийг дэлхийд нэртэй хүмүүсийн эшлэлээр дурдсаныг дахин сануулъя.

Плано Карпини: “Чингис хааны удирдлага дор дайн дажин, хэрүүл тэмцэл… намжин, дээрэм тонуул, хулгай үлэмж хэмжээгээр багассан. Тийм учраас монголчууд эд баялгаа хадгалдаг гэр, тэргээ түгждэг ч үгүй, цоожилдог ч үгүй” болжээ гэжээ.

Жужжани : “Газар хэвтэж байгаа ташуурыг ч эзнээс нь өөр хэн ч авч зүрхэлдэггүй болсон хэмээн тэмдэглэсэн бол Жүвэйни хэлэхдээ: “Чингис хаан завхайрал, хулгай зэрэг шившигт заншлыг монголчуудын дунд устгасан” гэж тэмдэглэсэн нь буй.

Германы судлаач П.Рачневский: “Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа” хэмээн тодорхойлсон. Чингис хаан улсыг ард түмний билиг сургаал болон хуулиар л удирдах ёстойг сануулан захидаг байлаа.

Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак: “Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг” хэмээн тодоор үнэлжээ.

Их хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэхдээ бид түүний баримталж асан зарчим, сургаалийг эргэн санаж ажил амьдралдаа мөрдлөг болгох ёстойг эргэцүүлэх учиртай. Чингис хаан олны итгэлийг алдахыг хамгийн том нүгэл хэмээн үздэг байсан бөгөөд итгэл эвдэгчийг төрд тэрслэгч хэмээн хатуугаар цээрлүүлдэг байжээ. 

Их хааны сургаалд “Өчигдөр их сууринд суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” хэмээснийг өнөөгийн бид үргэлж санаж явах учиртай.