ИСТАНБУЛ. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар хий дамжуулах “Туркийн урсгал” хоолойг албан ёсоор ашиглалтад орууллаа.

Туркийн нийслэл Истанбул хотод болсон ёслолын ажиллагаанд мөн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов нар оролцжээ.

“Энд байгаа бүх хүн зөвхөн Орос, Туркт төдийгүй Өмнөд Европын орнууд, нийт Европын тивд үнэхээр чухал үйл явдлын гэрч юм”. гэж ОХУ-ын удирдагч цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн нэмж хэлэхдээ, энэхүү үйл явдал нь “Орос-Туркийн стратегийн түншлэлийн харилцаа ач холбогдолтой, бодит үр дүн өгч байгааг тод томруун харуулж байна" гэв.

“Туркийн урсгал” хоолой нь тус бүр 15.75 тэрбум шоо метрийн хүчин чадалтай хоёр шугамтай. Эхнийх нь Оросын хийг Туркийн хэрэглэгчдэд, харин хоёр дахь нь Өмнөд болон Зүүн Өмнөд Европын орнуудыг хийгээр хангах зориулалттай юм.

Хоёр зэрэгцээ хоолойн далай дахь хэсгийг Хар тэнгист “South Stream Transport B.V” компани тавьжээ. Маршрут нь Анапа хотоос эхэлж, Истанбулаас 100 км-ийн зайтай оршдог Туркийн Кыкыкөй тосгонд дуусна.

Хуурай газар дээрх хэсгийг Туркийн нутаг дэвсгэр дээгүүр тавих ажлыг Орос-Туркийн хамтарсан “TurkAkim Gaz Tasima A.S” компани гүйцэтгэжээ. Далай дахь болон хуурай газар дээрх хэсгүүдийг 2019 оны гуравдугаар сард холбосон байна.

Газар дээрх эхний шугам нь Люлебургаз хотын ойролцоох Туркийн хий дамжуулах системтэй нийлсэн бол хоёр дахь нь Болгартай залгаа Туркийн хил хүртэл үргэлжилнэ. 

"Газпром" компани хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулах ажил эцсийн шатандаа явж байгааг 11 дүгээр сарын сүүлээр мэдээлсэн бөгөөд хоёр шугамыг хийгээр дүүргэсэн юм. Сербийн нутгаар өнгөрөх хоолойг тавих ажил дуусаж байгааг 12 дугаар сарын сүүлчээр мэдэгджээ. Одоо зөвхөн Болгарын нутаг дахь хэсгийг тавьж дуусгах үлдээд байгаа бөгөөд Өмнөд болон Зүүн Өмнөд Европын хэрэглэгчид тавдугаар сард хийгээ хүлээн авах төлөвтэй байна.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг