Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Оюутолгойн асуудлаар болон Дубайн гэрээг Захиргааны шүүхээс хүчингүй болгосон асуудлаар мэдээлэл өглөө.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Оюутолгойн төслийн хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогийн байдлаар 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн орлогоос давах хэмжээний дүн. 

Намайг Хуульзүйн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани Монголын Засгийн газар хооронд асуудал яригдсан.

Оюутолгойд Татварын шалгалт орж акт тавигдсан. Энэ асуудлыг эвийн журмаар шийдүүлье гэж хандсан. Энд нь манайхаас хариу өгөөгүй. Ийм байдлаар бараг 2 жил явсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гэнэт Захиргааны шүүх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон. Бас энэ шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ ав гэсэн УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө Оюутолгойн хөрөнгө оруулалт шууд зогсож болзошгүй нөхцөл үүссэн учраас хүндрэл үүссэн. Иймээс энэ талаар өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Цаашид Монголын гадаад хөрөнгө оруулалтын хэрхэн авах талаар хэлэлцсэн. Хэлэлцээр ч хүнд нөхцөлд болж байна. 

Миний байр суурь тодорхой. Энэ төсөл цаашид хэрэгжих ёстой гэж үздэг. Үүнийг намайг хамгаалж байна гэж буруу ойлгодог бололтой. 

Монгол Улс тэр аяараа хөдөлж байж энэ том гэрээг байгуулсан. Хэрвээ Оюутолгойн гэрээг зогсоовол Монгол улс Олон улсад нэр хүндгүй болно. Дээр нь дааж давахааргүй том маргаанд Монгол Улс орно. Манайхан маргаанд ялагдах магадлал маш өндөр. Ингэвэл маргааны зардал, хөрөнгө оруулалтыг буцааж төлөөд зогсохгүй, Монгол Улсын ирээдүйд авах ашгаа хүртэл алдана. Ийм хүнд нөхцөлд орох учраас эмээж байгаа юм.

Дубайн гэрээний хувьд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа шууд очоод гарын үсэг зурчихсан. Би энэ гэрээг шүүмжлээд байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байдаг. Гэхдээ Ч.Сайханбилэг гэдэг хүн тэр төлөвлөгөөг батлах үедээ Монгол Улсын Ерөнхий сайд байсан нь үнэн.  Тэр гэрээгээр 15 банк хөрөнгө босгож 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайд хийсэн нь үнэн. 

Ерөнхий сайд байсан нь үнэн, тэр мөнгө орсон нь үнэн байхад бид яах ёстой юм. Ёстой вандан тас гэдэг шиг юм болсон.  Энэ асуудлыг маш нухацтай ярих ёстой. Өөрсдөө энэ төслийг цаашаа явуулах эсэхээ ярих дээрээ тулаад байхад Монгол Улсын Засгийн газар шүүхээр Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгоод, УИХ нь зогсо хүртэл арга хэмжээ авах нь эрсдэл үүсгэнэ. Тэнд ажиллаж байгаа 15 мянган иргэн, 20 мянган ААН-ийн хувь тавилан юу болох вэ, хэтдээ Лондонгийн шүүхээр орж энэ улс дааж давшгүй оронд орвол энэ улс юу болох вэ???

Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. Энэ компанийн цаад талд Английн хатан хааныг дагасан улсууд байдаг. Энэ улсуудыг тойрсон Европын холбоо байгаа. Дэлхийн том банкууд байгаа. Хүч тэнцвэргүй тулаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж байна

Оюутолгой тойрсон хардлага хэрээс хэтэрсэн. Сайдууд хахууль авсан гэх яриа цацаад олон жил болж байна. Бүлгийн хурал хурцадсан шалтгаан ч энэ. Би баримтаа гарга гэж хэлсэн. Жирийн иргэн биш УИХ-ын гишүүн хүн ийм баталгаагүй мэдээллийг ам мэдэн ярьж болохгүй.