БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унаснаас болж, борлуулалт зогсож, улмаар Тавантолгой, Гашуун-сухайт боомтод жолооч нар машиндаа 20 орчим хоногийг үдэж байна.

Манай талаас хил тултал шахаж татсан ч хил дээр таталт багассан тул хөдөлгөөн түгжирсэн хэвээр байгаа аж.

"Баянзам" холбооноос хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Өвөр Монголын Баянуур бизнесийн холбооны төлөөлөлд хандаж таталтыг нэмэгдүүлэх талаар Хятадын талтай шуурхай ярьж өгөх, арга хэмжээ авахуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Хятадын талаас аль болох хурдан татах тал дээр анхаарал хандуулахаа илэрхийлсэн бөгөөд энэ сарын 22-ны 13 цагийн байдлаар 350 машин татсан мэдээг авсан мэдээ гарчээ.

Жолооч нарын хувьд ийнхүү олон хоногийг машиндаа даарч хөрөн өнгөрүүлснээс хоол унд хомсдсон, шатахуун дууссан, зарим нь өвдсөн гээд байдал хүндэрчээ. Энэ сарын 23-ны өдөр гэхэд Цагаан хад дахь гаалийн талбайд нэг жолооч шалаанз машиныхаа ачаанаас унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан байна.  

Өнгөрсөн жилийн өдийд ч мөн ийм байдал давтагдаж байсан бөгөөд нүүрс тээврийн жолооч машиныхаа халаагчаас гал алдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Бид нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй холбогдон энэ талаар лавлахад "Байдал маш хүнд байна. Зам дээр олон хоносноос болоод өвдсөн жолоочийн тоо ихэссэн. Усанд орох талаар яриад ч хэрэггүй, бид балар эртний хүн шиг амьдарч байна. Үнэндээ орхиод гэртээ харьмаар байвч 70 сая орчим төгрөгийн үнэтэй компанийн машинаа бид яах вэ, эргээд ирэхэд хамаг зүйл нь тоногдчихсон байвал өөрсдөө л хариуцаж төлнө шүү дээ. Аргагүйн эрхэнд л шүд зуун тэсэж байна. Хэрэв энэ чигээрээ удвал тээвэрчид тэмцлийн хүнд хэлбэрт шилжихэд бэлэн болчихлоо.  Төр засгаас бодит шийдэл хүлээж сууна. Хүлээсэн, залхсан жолооч нарын дунд архидалт газар авч байна" гэсэн юм.