Засгийн газар өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар цагдаагийн байгууллагын бүтцэд нэмэлт, өөрчлөлт орууллаа. 

Нэгдүгээрт, экологийн цагдаагийн алба байгуулахаар шийдвэрлэлээ. Эхний ээлжид гол 10-аад аймгийн 100 гаруй суманд энэ албыг байгуулна. Ерөнхий хариуцах ажил нь байгаль орчин, уул уурхай олборолттой холбоотойгоор экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана.

Хоёрдугаарт, өмнө нь замын, төмөр замын, нисэхийн гээд гурван төрлийн хөдөлгөөнтэй холбоотой цагдаагийн алба байсан. Энэ гурвыг нэгтгэж, Тээврийн цагдаагийн алба гэсэн нэг бүтэцтэй болгохыг Засгийн газар зөвшөөрлөө. 

Гуравдугаарт, Цагдаагийн албаны мэдээллийг нэгтгэдэг гурван газар байсныг нийлүүлж, мэдээлэл судалгааны нэг албатай болж байна.

Шинэ оны босгон дээр хэлэхэд, сүүлийн хоёр жилийн байдлаар гэмт хэрэг зөрчлийн өсөлт зогсож, 10 гаруй хувийн бууралттай болсон. 2017 онд намайг ажил авч байхад гэмт хэргийн өсөлт 67 хувьтай байсан бол 2018, 2019 онд дараалан өмнөх жилүүдээсээ 10 гаруй хувиар буурлаа" хэмээн мэдээллээ.