"Ноёд" группын захирал Ц.Буяндорж "зарим прокурор өөрөөс нь 100.000 доллар нэхэж, дарамталсан" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гомдол гаргаж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэрээр "Би 1996 оноос өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт 25 жил ажиллаж буй жирийн иргэн. Би хуулийн зарим байгууллагын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуулын хэрэг байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчид гомдол гаргаж байна.

Манай "Ноёд" группын охин компани “Ноёд констракшн”-ыг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттай бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн 9 жил хуулийн байгууллагаар шалгагдсан. Шүүхээс миний хэргийг цагаатгасан учир улсынхаа төрийн тэргүүнд гомдол гаргаж байна. 

Миний компанийг дээрэмдэж авсан, намайг 100.000 долларын авлига өгөхийг шаардсан зарим прокурорын зохион байгуулаллтай үйл ажиллагааг би онцолъё. 

Гомдол маань Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн Ерөнхий прокуророор ажиллаж буй Ц.Батболд, Нийслэлийн прокурорын орлогч байсан, одоо Улсы Ерөнхий прокурорт ажиллаж буй н.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан н.Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой. 

Миний хэрэгт хяналт тавьж байсан н.Халиун надаас 100.000 доллар нэхэж, дарамталсан. Тухайн үед би хэрэгт шалгагдаж байсан учир н.Халиун прокурорын санал болгосон, гэр бүлийнх нь гишүүн өмгөөлөгч эмэгтэйтэй 100.000 долларын гэрээ хийсэн. Гэрээнд 10.000 долларын урьчдчилгаанд, хэрэг амжилттай шийдэгдвэл 90.000-ыг нь өгөхөөр тусгасан. 

Гэрээ хийсний дараа би тус мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэж хэлсний төлөө намайг Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүү үүсгэж, 409 хоног цагдан хорьсон. Дараа нь надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, би 16 удаа шүүх хуралд орж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Энэ мэт ноцтой баримтуудын нэг жишээг дурьдаж байна" хэмээлээ. 

Түүний хэвлэлийн хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, гомдлыг нь хүлээн авч, холбогдох байгууллагад шилжүүлэхээ илэрхийлэв.