УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавд хандан гомдол гаргажээ. Тэрээр тус гомдлоо уншиж танилцуулав.

Гомдол бүхий албан бичигт:

2019 оны оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 31737 дугаартай "Ноцтой мэдээ" сонинд "АПУ-гийн Г.Батхүүтэй ширүүн маргалдаж буй 13 секундын бичлэг УИХ-ын гишүүн Н.Номтобаярыг шорон руу түлхэж мэдэх нь" гарчигтай нийтлэл тавигдсан. Миний зүгээс үнэнд үл нийцэх уг нийтлэлийг хэний захиалгаар, ямар зорилгоор бичив гэдэгт анхаарч, судалгаа хийсэн. Энэ хугацаанд дараах мэдээллүүдийг олов.

  • 2019 оны 10 дугаар сард АПУ компанийн эзний хамаарал бүхий этгээд Ж гэгч Н.Номтойбаярыг гүтгэх гэрч хайж байгаа 
  • 2019 оны 11 дүгээр сарын эхээр иргэн Г, түүний найз болох цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Д-гээр дамжуулан нэр нь тодорхойгүй байгаа нэгэн хүнд АПУ-гийн н.Батсайханд тус болох хүнийг нэг тэрбум төгрөгөөр шагнана гэсэн
  • 2019 оны 11 дүгээр сарын 24-нд АПУ компанид ажилладаг иргэн Я нь иргэн Б-тэй холбогдож, "Н.Номтойбаярын эсрэг бидэнтэй хамтрах уу, хэрэв хамтарвал хилийн хоригийн асуудлыг цуцлуулж, гэрч хамгаалах хөтөлбөрт хамруулж болно" гэсэн зэрэг мэдээлэл
  • Мөн уржигдар талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхний өмгөөлөгч н.Батхуягийн хийсэн мэдээлэл бий.

Эдгээр мэдээллийг дүгнэхэд талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхний зүгээс гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалтаар явуулжээ. Энэ гомдлын дагуу дээр нэр дурдагдсан эзэн холбогдогчдын нэрс, мэдээллийг цагдаагийн байгууллагад тайлбар мэдээлэл өгөхдөө өгнө" гэжээ.

Мөн тэрээр "Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдана. Би буруугүй гэдгээ нотлох ёстой. Уржигдраас би бүлгийн дарга, УИХ-ын гишүүдэд өөрийнхөө тайлбар мэдүүлгүүдийг хүргүүлсэн. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй учир өөрөө санаачлагаараа бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй" хэмээлээ.