ЛОНДОН. /Reuters/. Ливийн нийслэл Триполи хотод өнгөрсөн мягмар гарагийн орой пуужингийн цохилт өгсний улмаас 2 хүн амь үрэгдэж, 8 хүн бэртжээ. Энэ тухай тус хотын шуурхай албаны мэдээлснийг иш татан “Reuters” агентлаг мэдээлсэн байна.


Триполи хотод пуужингийн цохилт өгч, хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон тухай “Agence France-Presse” агентлаг мөн мэдээлсэн байна. 


Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.  



Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар Триполи хот руу хийх дайралтаа эхлүүлснийг дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдсэн билээ. Харин Сараж өөрийн хяналтад байдаг цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн. Байлдааны ажиллагаа одоогийн байдлаар нийслэл хотын орчимд болж байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг