СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ энэ сарын эхээр пуужингийн туршилтууд явуулсныг үл харгалзан тус улсад хүнсний тусламж үзүүлнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас баасан гарагт мэдээлжээ.


“Хүмүүнлэгийн асуудал нь аюулгүй байдлын асуудлаас ангид зүйл” болохыг Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газрын дарга Чүн Юй Ён онцолжээ. Мөн тэрбээр, Засгийн газар хүнсний тусламж үзүүлэх шийдвэрийг хэдийнэ гаргасан хэмээгээд, бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байна гэж хэлсэн байна. 



Засгийн газар БНАСАУ-д үзүүлэх тусламжийнхаа талаарх дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө удахгүй олон нийтэд танилцуулах ажээ. БНАСАУ-ын саяхан явуулсан туршилтын талаар Чүн Юй Ён хэлэхдээ, БНСУ болон АНУ-ын талууд уг туршилтаар баллистик пуужин туршсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна гэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг