Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгалаа. 

Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлдэг. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Неон гэгээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 10 дугаар сард хүлээлгэж өгнө. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна.  

Тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000м2 явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, 1500 орчим нарс, хайлаас, 22000м2 талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлыг хийж байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгах үеэрээ Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсны дараагаар заавал эзэнтэй болгох, арчлалт, цэвэрлэгээ, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах ёстой. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй” гэдгийг хэллээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд ус урсах магадлал байгаа учир усны хаялагуудыг гаргаж өгөх шаардлагатай байгааг захиалагч болон гүйцэтгэгч компаниудад анхааруулав.      


Бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар арчлалт, хамгаалалтыг хэрхэн хангах асуудлаар санал бэлтгэн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмд үүрэг болголоо.