Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөн. Улмаар Ерөнхий сайдын захирамжаар С.Амарсайханыг Хотын захирагчаас чөлөөлж, Хотын дараагийн даргыг сонгогдох хүртэл Хотын даргын үүргийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасан.

Иймд Ж.Батбаясгалан өчигдөр НЗДТГ-ын хэлтэс тасгийн дарга нар болон нийслэлийн Ерөнхий менежер, харьяа байгууллагуудын удирдлагуудыг хамруулан хуралдлаа.

Энэ үеэр Ж.Батбаясгалан “Миний хувьд нийслэлд шинэ  хүн ирж, шинэ зүйл яриагүй гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Өмнө нь бид хамтран ажиллаж ирсэн, цаашдаа ч хамтран ажиллана. Та бидний ажил үүрэг Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой учраас хотын ажил нэг ч хором зогсох, цаг алдах учиргүй. Хийж хэрэгжүүлж байсан ажил, үйл ажиллагааг үргэлжлүүлэх тул дарга нар дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах нь чухал.  

"COVID-19"-ын халдвараас сэргийлэх, хөл хориог үе шаттай буууруулж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээж байгаа. Иймд юуны өмнө халдвараас урьдчилсан сэргийлэх, ариутгал халдваргүйжилтын ажлыг мэргэжлийн байгууллагууд хариуцлагатай зохион байгуулах, мөн баяр наадмыг онлайн хэлбэрээр зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хотоос хэрхэн хангах, нийслэлчүүдийн нөөцийн махны бэлтгэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах, сайжруулсан түлшний нөөцлөлтийн хэрэгжилтийг өргөжүүлэх, ойрын өдрүүдэд бороотой байх тухай цаг уурын газрын мэдээлэл ирж байгаатай холбоотойгоор иргэд, олон нийтэд үеэр усны аюулаас сэрэмжлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй” хэмээгээд холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэл өглөө.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс