Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн 2 дугаар төв болон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа.

Эх хүүхдийн эрүүл мэндийн 2 дугаар төвийг коронавирусийн үед тусгаарлалтын чиглэлээр ажлуулах, түүний бэлтгэл ажлыг хангах ажлууд хийж буй. Энэ хүрээнд бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж, гал тогоо, ариутгалын хэсэг, захиргааны хэсэг, ажилчдын нормын хувцас хэрэглэл бэлэн болжээ. Цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг энэ долоо хоногт дуусгаж, 12 дугаар сарын 01-нээс тусгаарлалтын хүмүүсийг авна.

Тус эмнэлэгт иж бүрэн тоноглолтой 500 ор бэлтгэснээс 50 нь амьсгалын аппараттай эрчимт эмчилгээний зориулалттай аж. Цэвэрлэгээний баг ажлаа дуусгаж, ариутгал, халдваргүйжилтийг энэ долоо хоногтоо хийж дуусган ирэх сарын 01-ээс эхлэн тусгаарлалтын хүмүүсээ авахаар болжээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл коронавирусийн халдвартай иргэдийг дээрх эмнэлэгт шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилуулсан амьсгалын болон оношлогооны аппаратуудыг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэсэн. Эхний ээлжид 500 ор бэлэн, шаардлагатай бол 500 орыг нэмэх бүрэн боломжтой" хэмээлээ.

Сонгинохайрхан дүүрэгт баригдсан жишиг нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат, лабораториудыг суурилуулжээ. Мөн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг бэлтгэж, коронавирусийн цар тахлын үед хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг өгсөн байна.

Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллахыг эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд зөвлөлөө.