УИХ 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон. 

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурсан байна.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс