Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам нэг сарын өмнө жагсаал цуглаан хийж, үүсээд буй нийгэм, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлын талаар холбогдох шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Одоо болтол шаардлагын хариуг ирүүлээгүй байна. Хоёрдугаарт, тус шаардлагын дагуу нийгэмд дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Өнгөрсөн шөнө гэхэд шатахууны үнэ дахин өссөн байна. Дахиад хэдэн удаа, хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байна. Инфляци, үнийн өсөлтийг хязгаарлах төрийн бодлого дутагдаж байна.

Мах болон бусад өргөн хэрэглээний үнэ өдрөөр биш, цагаар өсөж байна. Үүнд тавьж буй бодлого байхгүйтэй адил байна. Тиймээс энэ УИХ, Засгийн газартай хариуцлага тооцох шаардлагатай. 

Өнөөдөр нийгэмд гоц халдварт өвчин сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин сонсохоос ч дотор арзасхийм тоо баримтаар өсөж үржиж байна. Энэ бол аюулын харанга дэлдсэн асуудал. Сүрьеэгийн асуудал даймжрах төлөвтэй байна. Үүнд эрх мэдэлтнүүд бие бие рүүгээ бурууг чихээд, өөрсдөө хариуцлагаас бултах алхам хийж буй болохоос уг асуудлыг яаж таслан зогсоох вэ гэж бодож, хийж буй алхам харагдахгүй байна. Тиймээс Ардчилсан нам сүрьеэгийн асуудалтай холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байна.

Мөн шаардлагатай гэж үзэх юм бол одоо буй хариуцлагагүй, үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайдаас авахуулаад холбогдох хүмүүсийг огцруулах, оронд нь эрүүл мэндийн салбарыг мэддэг, удирдлагаар хангаж чадах хүмүүсийг яаралтай томилж, Эрүүл мэндийн салбарт үүсээд буй хямралтыг таслан зогсоох арга хэмжээг авах шаардлагатай гэж Ардчилсан нам үзэж байна. Тэгэхгүй бол нийгмийг хамарсан халдварт өвчин хүнийг үл ялгалгүйгээр аюул авчидаг" хэмээлээ.