Хүн төрөлхтөн сансарт ниссэн анхны үүх түүхээс эхлээд Зөвлөл-Монголын хамтарсан сансрын нислэг, сансрын технологийн үүсэл хөгжил, хэрэглээ, цаашдын чиг хандлага, одон орны тухай өгүүлэх “Сансрын юм ярья” /5 минут/ богино хэмжээний цуврал нэвтрүүлэг олон нийтэд цахимаар хүрч эхэллээ.

Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг, монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдал, түүнтэй хамт хөгжсөн Монголын сансрын технологийн судалгаа шинжилгээтэй холбоотой түүхийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоор БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, Ж.Гүррагчаа тус нэвтрүүлгийг санаачилжээ. 

Энэ тухай тэрээр ярихдаа “Энэ жил олон ой тохиосон онцлогтой жил болж байна. Эдгээр түүхэн үйл явдлын талаар бодитой мэдээлэл хүргэх, олон нийтэд хүргэх үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагаа харгалзан өөрчлөх, нийгмийн сүлжээгээр түгээх хэрэгцээ байгаа юм. Эдгээр нэвтрүүлэг, мэдээлэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн таних тэмдэгтэй олон нийтэд хүрч байна. Түүнийг хүүхдүүдээс эхлээд хэн ч үзэж сонирхож, авч ашиглаж болох юм” гэлээ. 

Монголын сансрын технологийн холбооны тэргүүн, МУИС-ийн багш, дэд профессор Д.Эрдэнбаатар ярихдаа “Сансрын технологийн том агентлагууд бүгд олон нийттэй харилцах, мэдээллэх үйл ажиллагааг эрчимтэй, өргөн цар хүрээтэй явуулдаг. Үүний жишээг Ангараг дээр бууж байгаа роверийн олон нийтэд түгээж буй мэдээ мэдээллээс харж болно. Сансрын технологи стратегийн чухал салбар бөгөөд ихэвчлэн төсвийн, олон нийтийн татварын мөнгөөр санхүүждэг. Яагаад гэхээр сансрын технологийг олон нийтэд таниулах нь асар их ач холбогдолтой үйл ажиллагаа. Эдгээр нь шинжлэх ухаан технологид дурлах хойш үе, залгамж халаагаа бэлтгэхэд чухал нөлөө үзүүлж байдаг. Манай сансрын технологийн холбооны үйл ажиллагааны зорилго нь эх орондоо сансрын технологийг хөгжүүлэх явдал. Үүн дотор Монголд сансрын технологийг таниулах нь манай ажлын нэг чиглэл юм. Тиймээс ч бид энэ сурталчилгааны ажилд өндөр ач холбогдол өгч хамтарч ажиллаж байна” гэлээ. 

Сансрын нисэгчийн хувцас ямар үүрэгтэй вэ?

“Сансрын юм ярья” 15 цуврал нэвтрүүлэг, “Тэмүүлэл” ийг оюутан, сурагчдын хичээлд ашиглах, олон нийтэд үзүүлэх, түгээх хэлбэрээр хэн ч ашиглахад нээлттэй гэж зохиогчид нь хэлж байлаа. Мөн дээрхтэй ижил агуулгатай “Тэмүүлэл” ярилцлагын нэвтрүүлэг, Монгол Улсын сансрын технологийн үүсэл хөгжил, хэрэглээ, хэрэгцээ шаардлагыг харуулсан баримтад кино зэргийг бүтээх төслийг 02/01-нээс “Васт” продакшн, “Амгалан дэлхий” ТББ ШУА-ын ООГХ, МоСТХ хамтран хэрэгжүүлж эхэлжээ.  


“Васт” продакшны гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин: 

“Ямар ч салбар өнөөдөр технологийн дэвшлийг нэвтрүүлэхгүйгээр урагшлахгүй. Тэр дундаа бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг, хэрэглээ нь улам бүр өссөөр байгаа сансрын технологиос холдох, хоцрох эрхгүй. Баяжиж, хөрөнгөжиж байгаад барьж авна гэдэг ойлголт байдаггүй. 3 дахь шатанд хүрэхийн тулд өмнөх шатыг туулах л ёстой. Үүнд манлайлагч нь байхыг хүсч манай хамт олон энэ салбарыг итгэл үнэмшлээрээ хүсэл сонирхлоороо дэмжин ажиллаж байна” гэсэн юм.

"Тэмүүлэл" подкастын 2 дахь дугаар 

“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам:

“Нийгэм өнөөдөр юунд сатаарч, юу руу хуйларч байна, түүнийг л шүүрч аваад, тойрч эргэлдээд байвал хэвлэл мэдээллийн салбарын чиглүүлэгч, соён гэгээрүүлэгч байх үүрэг мартагдана. Монгол хүний сэтгэлгээ, алсын хараа сансрын тухай ярьсан, мөрөөдсөн, бичсэн нэгнээ шоолох хэмжээнд хүртлээ уначхаагүй гэж бодож байна. Харин өмнөх түүхээ мэдэхгүй, өнөөдрийн хэрэглээгээ анзаарахгүй, цаашдын чиг хандлагыг тооцоолохгүй байгаатай л холбоотой. Таван толгой, Оюутолгой, нүүрс, махны хэрүүлийн циклээс гарч, өөр нүдээр урдах замаа харвал хөгжлийн өөр бас нэг том гарц байхыг үгүйсгэхгүй. Энэ ч үүднээс “Сансрын юм ярья” төслийг дэмжиж, манлайлан ажиллаж байна. Энэ бол дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлж буй нэг  зорилго” гэлээ. 

“Сансрын юм ярья” богино нэвтрүүлгээр сансрын жингүйдэл, хоол хүнс, сансрын хөлөг, хувцас хэрэглэлээс эхлээд сансрын нислэгийн үйл явц, технологийн шийдэл, од эрхэс, нарны аймгийн талаарх мэдээллийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр зохиомжлон хүргэж байгаа юм байна. “Сансрын юм ярья” төсөл 4 дүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн сэтгэл зүрхээрээ хамтран ажиллах дэмжих, санал бодлоо хуваалцахад нээлттэй гэж байлаа.

Сансрын нисэгчид эх дэлхийдээ яаж буудаг юм бол?

Сансар гэхээр л хүрч чадамгүй хол гэж төсөөлөгдөж байна уу?