Энэ онд тохиох Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жил, хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын баатар Ж.Гүррагчаа, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын сансрын технологийн холбоо, “Васт” пост продакшн хамтран Монгол хүн сансарт ниссэн түүхт үйл явдал, сансрын технологийн хөгжил, түүний ашиглалт хэрэглээ, сансар судлал, сансрын зах зээл зэрэг сэдвээр баримтад кино, подкаст, богино видео нэвтрүүлэг бүтээж, олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. 

Тэдгээрийн эхлэл “Тэмүүлэл” подкаст сонсогч, үзэгчдэд хүрч эхэллээ. Видео нэвтрүүлгүүдийг бүтээж буй “Смарт медиа дизайн” компанийн гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин ярихдаа “Монгол хүн сансарт ниссэн үйл явдал монголын шинжлэх ухааны салбарыг том шат ахиулсан Монголын түүхэн үйл хэрэг. Чухам яаж гэдгийг өнөөгийн залуус тийм ч сайн мэдэхгүй. Мөн дэлхий нийт өнөөдөр сансрын орон зайг том зах зээл гэж харж, өрсөлдөцгөөж байна. Тэр хэрээр сансрын технологийн хэрэглээ алхам тутамд нэвтэрч, түүнгүйгээр амьдрах боломж нөхцөл улам ч хумигдаж байгаа. Тиймээс ч бид эдгээрийг сонирхуулж, таниулж, бас мэтгэлцээн өрнүүлж, сэдэл үүсгэхийн тулд санаачлагаараа энэ ажилд түүчээлэн оролцож байна. Энэ бол бидний үүрэг” гэлээ. 

Тэд цахим хэрэгслээр хүрэх “Сансрын юм яръя” богино дүрстэй нэвтрүүлгээ хүүхэд, залууст ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ. Энэ долоо хоногоос цацагдах юм байна