Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардууллаа.

Үнэмлэхээ авсан шинэхэн гишүүд хослол, үндэсний дээлээр гангарч ирсэн бол ХҮН намаас УИХ-ын 29-р тойрог Хан-Уул дүүргээс сонгогдсон ганц гишүүн Т.Доржханд ногоон өнгийн үдээсгүй пүүзтэй ирж олны анхаарлыг татав. Түүний энэхүү үйлдлийг нийгмийн сүлжээнд нэг хэсэг нь шинэхэн гишүүний алдаа гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь зориуд олны анхаарал татах гэсэн оролдлого хэмээн хүлээн авлаа.

Тухайлбал "Доржханд дарга Сангийн яаманд байхдаа УИХ, Засгийн газрын хурлаар асуудал оруулдаг байсан. Ордны дүрэм журам, протокол мэдэхийн дээгүүр мэднэ" гэсэн бол "Доржханд огт санамсаргүйгээр ийм үйлдэл хийгээгүй нь лавтай. Улс төрийн акц" хэмээн бичжээ.

Юутай  тэрбээр 8 удаагийн парламентийн түүхэнд анх удаа пүүз өмсөж гишүүний үнэмлэхээ гардсан анхны улс төрч болов.

Т.Доржханд үнэмлэхээ гардан аваад "Эдийн засгаа сэргээх, бэхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Ирэх дөрвөн жилд улс орны эдийн засаг амаргүй байх сорилтын жилүүд юм. ХҮН намд өндөр боловсролтой, мэргэжлийн маш олон залуучууд бий. Эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газрыг бодлогоор дэмжиж ажиллана. Засгийн газар яаралтай төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй" хэмээн хэлсэн юм.