Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон 2018 оны өвлийн олимпийн үеэр хэрэгжүүлсэн визгүй зорчих хөтөлбөрийн дагуу тус улсад нэвтэрсэн гадаадын 10000 гаруй иргэн хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон тухай тус улсын засгийн газраас баасан гарагт гаргасан тайланд мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Уг тайланд дурдснаар, энэ оны хоёрдугаар сарын 9-25-ны хооронд үргэлжилсэн өвлийн олимпийг үзэхээр гадаадын 351739 иргэн Өмнөд Солонгост визгүй зорчсон аж. Гэтэл тэднээс 11535 хүн визний хугацаагаа хэтрүүлэн, тус улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогджээ.

Өмнөд Солонгосын засаг захиргаанаас олимп үзэх хийгээд тус улсад жуулчлахаар ирсэн хүмүүст зориулан визгүйгээр 90 хоног зорчих хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд тус улсын хувьд олон улсын спортын арга хэмжээнд зориулан гадаадын иргэдэд визгүй зорчихыг анх удаа зөвшөөрсөн нь энэ аж.

Тус улсын сөрөг хүчний гол намаас сонгогдсон парламентын гишүүн Жун Хэ Кюн тус улсад хууль бусаар оршин сууж буй иргэдэд тавих хяналтыг чангатгахыг засгийн газартаа уриалсан байна. Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нэмэгдэх нь гэмт хэргийн тоо өсөхөд хүргэж, тус улсад албан ёсоор цагаачилж буй гадаадын иргэдийн хөдөлмөрийн зах зээлийг булааж байна гэж тэрбээр тэмдэглэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг