МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хөл хорио тогтоосноос үүдэлтэй бизнес орчинд үүсч буй асуудлууд болон ажлын байрны нөлөөллийн судалгааг танилцууллаа. Түүнээс уг судалгаа болон өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Аливаа улс орны эдийн засагт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүрэгтэй. Тийм учраас дэлхийн улс орнуудын Засгийн газраас юун түрүүнд жижиг, дунд бизнесүүдээ онцгой анхаарч дэмжих багц хөтөлбөрийг батлаад байна.Харин манай улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр нь жижиг, дунд бизнесүүд ажлын байраа хадгалахад болон хямралыг тэсч үлдэхэд одоогоор шууд нөлөө үзүүлэхгүй, дэм тус муутайхан байна гэдгийг тэрбээр онцолж байлаа.


-Хөл хорио бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байна вэ?


-Сонгуулийн сурталчилгаа эхлээд цөөнгүй хонолоо. Та бүхэн нөхцөл байдлыг харж байгаа шүү ээ. Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 600 гаруй хүн өдөрт хэдэн мянган хүнтэй уулзаж гар барьж, тэврэлдэж байна. Тэгсэн хэрнээ үзвэр үйлчилгээний газрууд цагийн хязгаартайгаар хагас жил орчим үйлчилж байна. Үүнээс цааш ААН-үүд тэсэх арга алга. Хэрвээ төр өөрөө буруу шийдвэр гаргаж иргэд, ААН-үүдээ хүнд байдалд оруулж байгаа бол ажлыг байраа хадгалсны нөхөн олговор олгох ёстой. Гаднаас вирусийн халдварыг оруулж тархахаас сэргийлж байгаа нь сайн хэрэг. Одоо харин дотоодын зах зээлээ нээхгүй бол байдал хүндрэх шинжтэй. 


-Энэ жил дотоодын аялал жуулчлал бизнес эрхэлдэг компаниудад ээлтэй байх нь гэсэн хүлээлт бий. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад аялал жуулчлалын бизнес бараг зогссон. Манай улсын хувьд ч ялгаагүй. Гэтэл дотоодын аялал жуулчлалд л найдвар тавьж байна гэх сургаар зарим аймгийн удирдлагууд орон нутгийн аялал жуулчлалын баазуудыг ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг эхнээсээ гаргаад эхэлчихлээ. Иргэдийг яаж амьдар гэж байгаа юм бүү мэд.

Төр өөрөө ийм зэргийн эдийн засгийн тооцоо хийхгүйгээр, эрсдлийг тооцохгүйгээр мэргэжлийн бус хандаж ажлын байрыг боомилж, ард түмнээ хохироож болохгүй. Асуудлыг гал унтраах хэлбэрээр шийдэх нь хамгийн буруу шийдэл.  


-Хямралын үед улс орнууд бодлогын хүүгээ буулгаж жижиг, дунд бизнесүүдээ дэмжиж төрөөс зээлд нь баталгаа гаргаж байна. Манай ААН-үүд ийм боломжийг төрөөс олгоогүй. Тэгэхээр эрсдэлд хэр ойр байна вэ? 

-Мөнгө, банкны систем гэдэг өөрөө улс орны эдийн засгийн хувьд цусны эргэлт нь юм. Хөл хорио тогтоосон цагаас хойш МҮХАҮТ-ээс нэлээн хэдэн судалгаа хийж эрх баригчдад танилцуулсан. Дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ч судалсан. Үнэндээ Монгол, Хойд Солонгосоос бусад улс орнууд хамгийн эхлээд ажлын байрыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч эхэлсэн. Мөн компаниудад дутагдаж байгаа зээлүүдийг нэн хөнгөлөлтэй нөхцөлтэйгээр яаралтай өгч байна.  Энэ нь нөгөө талд орлого буурахад ААН-үүд эргэлтийн хөрөнгөө зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс аргагүй болсныг харуулж байгаа юм. Мэдээж байдал хэвийн болсны дараа төлөх нөхцөлтэй. Өнөөдрийн байдлаар банкууд мэдээж эрсдэлтэй үед зээл гаргах амаргүй. Судалгаанд оролцсон компаниудын зээл, нэмэлт эх үүсвэр хүсэхэд дөнгөж 25 хувьд банк зээл олгожээ. 

Үүнд банкийг буруутгахгүй. Харин төр өөрөө тэр эрсдлийг батлан даалтын сангаар дамжуулж нуруундаа авах зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл тэр олон арван ААН-үүдийн татвараар төр оршин тогтнодог. Гэтэл ийм хүнд цаг үе ирэнгүүт төр иргэнээсээ, баялаг бүтээгчдээсээ нүүр буруулж байгаа нь асар хариуцлагагүй алхам юм. 


-Энэ байдлаараа ААН-үүдийн байдал бүр хүндрэх нь. Ямар өөдрөг боломж харагдаж байна вэ?

-Цар тахлын нөлөө эхэн үедээ жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүнд тусаж байсан. Тэгвэл сүүлд хийсэн судалгаанаас үзэхэд томоохон ААН-үүд ч хямрал нүүрлэж эхэлчихлээ. Хэрэв энэ янзаараа он дуусгавал Монголын эдийн засагт хямрал нүүрлэнэ. ААН-үүд сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газарт л найдаж сууна. Яахав, эхний судалгаагаар орлого маш ихээр буурна гэж яригдаж байсан. Дараагийн судалгаагаар нөлөө харьцангуй бага болсон гэхдээ орлого нь буураагүй бизнес гэж алга. Зарим бизнес бүр зогссон. Тухайлбал аялал жуулчлал, тээвэр, боловсруулах салбарт уналтад орчихоод байна. Харин хямралд барилгын болон мэдээлэл холбооны салбар хамгийн бага өртсөн.