Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болгон ангилал ахиулахаар боллоо. Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Тухайн газарт таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд зарим нь одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анх 1995 онд Ноён уул орчмын 21 мянга орчим га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэсэн хэдий энэ бүс нутагт 12 лиценз олгогдсон. Нийт 359,7 га газрыг алтны хайгуулын зориулалтаар олгосон. Монгол Улсын Засгийн газраас эдгээр лицензүүдийг шалгаж байна. Холбогдсон этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Лиценз давхардсан гээд олон асуудал яригдаж байна. Ихэнх нь хууль зөрчиж лиценз олгосон байх магадлалтай. Зарим аж ахуйн нэгж байгалиас орлого олох хэмжээгээрээ сүйтгэчихээд улсад их хэмжээний татвар төлсөн гэж ярьдгаа болих хэрэгтэй. Их мөнгө төлсөн гэдэг ч байгальд учруулсан хохирол түүнээс нь их байна" гэлээ.

Түүнчлэн хяналт шалгалтын явцад Ноён уулын орчимд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан болон хууль бусаар материал цуглуулан лиценз авсан байвал тухайн ажилд оролцсон албан тушаалтан холбогдох аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг төлүүлэх юм байна.