Хотын дарга болохгүй гэж амлачихаад хэлснээсээ буцав, бөхчүүдийн фракц гэхчлэн энэ өдрүүдэд элдвээр хэлүүлж буй хүн бол хотын шинэ мээр буюу Улаанбаатар хотын 35 дахь дарга Ч.Сумъяабазар билээ. 

Бөх байснаас эхлээд , циркийг хувьчлалыг будлиантуулсан Аса аваргын ах гээд түүн рүү дайрах сэдэв, онилох бай ч цөөнгүй бололтой.

Энэ мэтээр түүний тухай яриа өрнөж буй ч УУХҮ-ийн сайд байхдаа хамгийн их улс төржих сэдэв болдог ч Монгол Улсын эдийн засгийг үүрдэг салбараа хамгаалж жинтэй дуугарч чадсан зангарагтай нэгэн. Гадны хөрөнгө оруулагч нараар улс төр хийдэг популист улс төрчдөд ч хатуухан үг чулуудаж улс төржилт бол хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн дуугарч байсан удаатай.

Харин одоо хот хэмээх их айлыг авч явах хүндтэй үүрэг хүлээгээд байна. Бөх хүн ямар ч үедээ уран мэх хийж, өрсөлдөгчөө ялж чаддаг шиг асуудлаар дүүрэн Улаанбаатарт шийдлээ хүлээж байгаа олон асуудлыг тэр хэрхэн шийдэх эсэхийг харах л үлдлээ.

Түүний ахласан Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөртөө ирэх дөрвөн жилд хийж гүйцэтгэхээр 13 зорилт, 24 шийдэл 186 зорилт бүхий мөрийн хөтөлбөрөө боловсруулж иргэдэд танилцуулсан. Мөрийн хөтөлбөр гэдэг бүхэлдээ амлалт буюу урьчилан тооцоолсон шийдэл юм.  Дурдвал түгжрэлгүй хот, дүүрэг бүрд эрүүл мэндийн төв байгуулна, нийслэлийн үнэт цаас гаргана, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд хотын хөгжлийг шат ахиулах амлалтууд мөрийн хөтөлбөрт багтжээ.

Энэ удаа НИТХ-ын 45 суудлын 34-т нь ялалт байгуулсан МАН-ын нийслэлийн мөрийн хөтөлбөрөөс дүүрэг бүрт хийх дараах таван ажлыг онцолж байна.

Сүхбаатар дүүрэг

  1. Дүүргийн нийтийн номын сан барьж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дуусаагүй барилгуудыг ашиглалтад оруулж, шаардлагатай хороодод шинээр байгуулна. 
  1. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

  2. Иргэд оршин суугаа байр, хотхон, гудамжиндаа тохижилт хийх санаачилгыг дэмжиж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор мод, бут, сөөг тариалах ажлыг санаачлан хийх нөхөрлөлийн хэлбэрийг дэмжиж, ургуулсан тоогоор урамшуулал олгох систем бий болгоно.

  3. 1970-аад оноос өмнө баригдсан  угсармал орон сууцны дулаан, эрчим хүчний алдагдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч, нийтийн эзэмшлийн зам талбайн ус зайлуулах шугам хоолойн ашиглалтыг сайжруулна.  

  4. Хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, хаягдал түүхий эдийн шил, төмөр гэх мэт биет сав баглаа боодлыг худалдааны цэгүүдэд хүлээн авч үйлчилдэг олон улсын туршлагыг хэрэгжүүлнэ. 

Чингэлтэй дүүрэг

1. Төрөх эмнэлэг болон тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийн төрөлжсөн эмнэлэг барина.

2.Ажил олгогчдыг шинэ ажлын байраа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, залуучуудаа дадлагажуулан бэлтгэж, ажлын байраар хангахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 

3. Гэр хороололд инженерийн дэд бүтэц бүхий сервис центр байгуулах ажлыг эрчимжүүлэн, иргэд амины орон сууц барихад дэмжлэг үзүүлж, модон жорлонг био жорлонгоор шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ. 

4. Гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.

5. Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хашаандаа мод тарьсан айлыг урамшуулдаг тогтолцоог бий болгоно.

Хан-Уул дүүрэг

1. Гурав дахь шатны эмнэлгийн үйлчилгээг дүүрэгтээ авах боломж бүрдүүлж, жишиг эмнэлэг байгуулна. 

2. Богд уулын ойн санг нэмэгдүүлж, Туул голын урсцыг сайжруулах, сав газрыг хамгаалж, эрэг дагуу амралт зугаалгын цогцолбор барина. 

3. Арьс ширний үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс гаргана.

4. Алслагдсан гэр хорооллыг цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, 4, 5 дугаар хорооны хилийн заагаас Туул голын дээгүүр гарах авто зам бүхий гүүрэн байгууламж барина.

5. Залуу гэр бүлд зориулсан эко зуслангийн байр хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Сонгинохайрхан дүүрэг

1. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай хороодод шинээр барьж, олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан хоёроос доошгүй сургууль байгуулна. 

2. Иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс тав тухтай хүргэх орчин нөхцөлийг сайжруулна. 

3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бизнес инкубатор төв бүхий “Толгойт дэд төв”-ийг ашиглалтад оруулж, шаардлагатай байршлуудад бичил дэд төвүүд байгуулна.

4. Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар өргөжүүлж, иргэдийг орон сууцаар хангах нөхцлийг бүрдүүлнэ.

5. Халаалтын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн болон хэсэгчилсэн эх үүсвэрт холбоно.

Багануур дүүрэг

1. Багануур дүүргийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно. 

2. Дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. 

3. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт шилжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ. 

4. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлшний үйлдвэр байгуулна. 

5. Гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд үе шаттай холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч, өнгө үзэмжийг нь сайжруулна. 

Налайх дүүрэг

1.Налайх дүүргийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно.

2. Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын ачаа тээвэр, логистик, бөөний худалдааны төвийг байгуулж, дулааны станцын өргөтгөл шинэчлэлтийг хийж, эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц, Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр-II барьж, ажлын байр шинээр бий болгоно. 

3. 300 ортой эрүүл мэндийн шинэ эмнэлэг, Голомт цогцолбор сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байр, шаардлагатай хороонд шинээр цэцэрлэг барьж, олон нийтийн болон ахмадын чөлөөт цагийн төвтэй болно. 

4. Дүүргийн төв, орон сууцны болон гэр хорооллуудад авто зам, явган хүний зам барьж, айл өрхийг эрчим хүч, дулааны эх үүсвэрт холбоно.

5. Аялал жуулчлал, бизнес, соёлын харилцааг хөгжүүлж, “Залуус хөгжлийн цогцолбор” байгуулна.

Багахангай дүүрэг

1. Шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно.

2. Соёлын ордон, сурагчийн дотуур байр шинээр барина. 

3. “Багахангай үйлдвэр технологийн парк”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, санал санаачилгыг дэмжиж, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ.

4. Улаанбаатар төмөр замын ачиж буулгах терминалыг байгуулна. 

5. Монголын уламжлалт морин уралдааныг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, морин тойруулга, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх төвтэй болно.