МАН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "МАН-д итгэл, хариуцлага хүлээлгэсэн нийт ард иргэддээ талархлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэргээр тулгамдаж буй олон асуудлыг яаралтай шийдвэрлэх зохион байгуулалтад орно. Иргэдийнхээ итгэлийг хариуцлагаар хариулах үүднээс амжилт, ялалтдаа хэт их баярлаад цаг алдаад байх шаардлага байхгүй. Бид ажилдаа шуурхай орж, Улаанбаатарт амьдарч буй 1.5 сая иргэнд тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх, Улаанбаатарыг хотын хэмжээнд хөгжүүлэх чиглэлд ажиллана" гэв.

Мөн тэрээр Хотын шинэ даргыг томилох асуудлаар "Хотын дарга болох хүн нь бидний төлөвлөж буй ажил, ялангуяа намын 2020 оны УИХ-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөр, нийслэлийн намын хорооны мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээ, Алсын хараа-2050 зэрэг томоохон бичиг баримтын бодлогуудтай уялдуулж Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, уг төлөвлөгөөний дагуу ажиллах чадвартай, боловсрол мэдлэгтэй байх ёстой. Дээрх шалгуурыг даах чадалтай байх ёстой.

Багаар ажиллах чадвартай. Улаанбаатар хотын хэмжээнд далайцтай, даацтай ажиллаж чаддаг байх гэсэн шалгууруудыг суурь болгоно.

Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшүүлэхдээ тавьсан шалгуурыг урьтал болгож байгаа. Энэ нь эх орноо, Улаанбаатараа гэсэн сэтгэлтэй, хотоо хөгжүүлэх сэтгэлтэй, Улаанбаатарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг гардан зохион байгуулж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж ажиллаж чадах чадвар, мэдлэг, боловсролтой, өндөр ёс суртахуунтай, хуулийн хүрээнд ажилладаг байх хэрэгтэй. Ажлын дадлага туршлагатай байна. Ийм үндсэн шалгууруудыг тавина. Хотын даргад нэр дэвшигчийг нээлттэй ярьж, танилцуулна" хэмээлээ.