“Жаран цагаан адуу” буюу Урианхай, Тувачуудын "Конгурей" хэмээх гуниг харууслын дууг Үндэсний баяр наадмын нээлтийн хөтөлбөрт багтаасан нь олны дургүйцлийг төрүүлжээ.

Уг дууг Монголын хязгаар нутгийнхны сэтгэлийн илрэл, тэдний амьдралаас урган гарсан гунигт дуун хэмээдэг ч түүхч, судлаачдын хувьд хэд хэдэн янзаар тайлбарладаг. 

Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эрслэн эсэргүүцэж байсан Баруун Монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хоморголон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн түүх бий. Тэр үедээ 600 мянга орчим хүн амын 480 мянгыг хороосон гэх тэмдэглэл түүхэнд үлдсэн бий. Баруун Монгол нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл "20 хоног явахад нэг ч хүн таараагүй" гэж тэмдэглэсэн гэдэг.

Үлдсэн иргэдийн бослого хөдөлгөөнөөс сэрэмжилж бүх нум сумыг хурааж устган, зөвхөн Урианхайчуудыг ангийн арьс бэлтгэх үүрэгтэйгээр нум сум хэрэглэх эрхтэй нутагт нь түүхтэй. Магад энэ цаг үеэс, хөнөөгдөж, хөөгдөж үгүй болсон Монгол ард түмнээ үгүйлэн санагалзсан Урианхай түмний гуниг харууслаас эхтэй дуу хэмээн үздэг аж.

Энэ дуунд,

Арван цагаан адууны минь

Алаг нь хаана байна ах нар минь

Арван хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Жаран цагаан адууны минь

Алаг нь хаана байна ах нар минь

Зургаан хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Далан цагаан адууны минь

Ардаг нь хаана байна ах нар минь

Долоон хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Наян цагаан адууны минь

Ардаг нь хаана байна ах нар минь

Найман хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь хэмээн өгүүлдэг юм.