Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Нийт иргэдийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй байна. Монголбанкнаас арга хэмжээ авч байгаа ч арилжааны банкуудад үл ойлголцол үүссэнээс болж  зээлийн эргэн төлөлтөд хоцролт зэрэг шалтгаанаар торгууль тавьж байгаа мэдээлэл ирсэн. Иймээс уг асуудлыг банкны удирдлагуудтай хэлэлцэж торгууль тавихгүй байхаар болсон.  Үнэндээ төв банк болон арилжааны банкуудад нэгдсэн ойлголт алга.

Тухайлбал "ХААН банк" дээр гэхэд энэ төрлийн гомдол гарсан. Тухайн иргэн ипотекийн зээлээ төлж чадахгүй гэсэн хүсэлт гаргах хугацаанд нь өөрөөс нь асуулгүйгээр ээжийнх нь тэтгэврийн зээлээс шууд татаад авчихсан тохиолдол гарсан байна. Энэ мэт асуудал гарсан учраас онцгой нөхцөл байдалд эх оронч байх уриалгыг тус банкны захирал н.Энхтуяатай ярилцсан. 

Банкуудтай уг асуудлаар ярилцаж хүүгийн хураамжийг цуцлахгүй байх, зээл хамтран авсан хүмүүст нь мэдэгдэлгүйгээр шууд суутган авахгүй байхыг хүссэн. Анхаарч ажиллана гэдэг дээр ойлголцсон.

Дараагийн шатанд өндөр хүүтэй зээл олгодог ББСБ-ын асуудлыг эргэн харах болно.