УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийгээд байна. 

Үнийн хөнгөлөлттэй эмийг өмнө нь цөөн эмийн сангаар худалдаалдаг байсан бол хуулийн заалт хэрэгжиж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангаас сарын бүх өдрүүдэд авах боломжийг өнгөрсөн 11 дүгээр сарын 01-нээс бүрдүүлсэн. 

Мөн 141 нэр төрлийн 541 нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр хэрэгжиж, бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч нар иргэний харъяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй эмийн жор бичин, цар тахлын үед иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнө нь бичигдсэн оношийн дагуу хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авдаг болсон нь эмийн хөнгөлөлт иргэдэд хүртээмжтэй, төвөггүй хүрэх тогтолцоо бүрдсэний илрэл" хэмээлээ.

Түүнчлэн, Эмийн бие даасан агентлаг байгуулагдсанаар үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын эмийн чанар, бүртгэлийг хянаж чанартай эмийг хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчин бий болсон, өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг 100 хувь даатгалын сангаас хариуцдаг болсон. 

Эрүүл мэндийн даатгалтай иргэн Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн хэвшлийн аль ч эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалт 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгааг мэдээллээ. 

Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэн, үүнийг дагаад улсын эмнэлгийн ачаалал, хүнд суртал эрс буурах аж. 

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ажил үүргээ гүйцэтгэх явцад халдвар авсан албан хаагчид буцалтгүй тусламж үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах, иргэдээ гадаадаас татан авах явцад нислэг гэнэт цуцлагдсан үед орон байр, хүнсгүй болсон иргэдийн наад захын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд хэрэгжиж эхлээд байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурьдав. 

Хэвлэлийн хуралд оролцсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлийг 2021 онд үргэлжлүүлэн,  өргөн хүрээтэй, томоохон шинэчлэлүүд хийх талаар мэдээлэл өгсөн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулах нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэхээр бэлэн болоод байгаа талаар мэдээлэл өглөө.