Манай сайтын нийтлэлч Германы Эрфурт хотоос бичиж байна.

Би хүүхдээ ирээдүйд Германд сургана аа гэж хүмүүс хэлдэг. Дэлхийн хаана ч сурах боломж улам бүр нэмэгдэж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Гэвч гадаадад сурахад хэлнээс гадна хувь хүний хандлага маш чухал тул нэг "жаахан" хэрнээ асар том зүйлийг сануулья. Ялангуяа та хүүтэй бол...


Matcho culture of Mongolian Men гэж болох бид өөрсдөө тоодоггүй, тийн хэрнээ гадныхан сонсвол гайхаж, дургүйцэж, эрс эсэргүүцэж, шууд зай барьдаг хандлага бий. Энэ бол бидний маш том дутагдал, цаашилбал монголд эмэгтэй хүний эрх эрх чөлөө байхгүй мэт ойлгогддог хүнд асуудал.


Үүнийг энгийн тайлбарлавал "Та эмэгтэй хүн байж гэрээ цэвэрлэ, эмэгтэй хүн байж хоолоо хий, эмэгтэй хүн байж хоол хийж чаддаггүй, эмэгтэй хүн байж..." гэх мэт эмэгтэй хүн л үүнийг хийх ёстой, ингэх ёстой гэсэн үзэлтэй эрчүүдийг Маtcho, германаар Macho гэдэг. Эмэгтэй хүнийг дорд үздэг хаахалзсан эрчүүдийн үзэл. Эмэгтэй хүний нэр төр, эрх чөлөө, үзэл санааг эрхэмлэдэг, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй хөгжилтэй орнуудад энэ хандлагыг маш хурцаар шүүмжилж дургүйцдэг юм. 

Германд бол энэ үзлийг гутамшиг гэдэг. Энд эмэгтэй хүн хоол хийж, гэрээ цэвэрлэж сурах албагүй. Тэр байтугай эмэгтэй хүн хүүхдээ өөрөө өсгөх ч албагүй. Гэр орны ажил, хоол унд хийх, хүүхэд асрах гэх мэт бүхий л харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш үүрэгтэй оролцдог. Эрчүүд ажиллаж, гэртээ хоолоо хийж, хүүхдээ усанд оруулж, оронд нь унтуулах бол энд энгийн үзэгдэл. 

Эмэгтэй хүний нэр төр, үнэлэмж маш өндөрт тавигддаг герман мэтийн улсуудад ийм үзэл, үг үйлдэл нь тухайн улс орны хамгийн муухай сурталчилгаа болдог. Тиймээс ялангуяа эрэгтэй хүүхдийг багаас нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хүндэтгэдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг үзлээр хүмүүжүүлээрэй. Эмэгтэй хүн гэж үүрэг хүлээлгэж, тэд л үүнийг хийх ёстой гэсэн үзлээс холуур сургаж чадвал таны хөвгүүд энд харилцааны асуудал гарахгүй. Олон улсад хөл нийлүүлэн алхаж чадна.