Дорнын бүгд найрамдах Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд Ариель Бергамино Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр дипломат, албан болон энгийн паспорттой Монгол Улсын иргэд Уругвай улсад визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.

"Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т Гадаад худалдааг эдийн засгийн өсөлт, хүн амын эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлэн үр ашгийг нь дээшлүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор иргэд зорчих нөхцөлийг сайжруулах, олон улс, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграци болон дэд бүтцийн сүлжээнд хамрагдах үйл явцыг эрчимжүүлж, гадаад худалдааны тааламжтай нөхцлийг бүрдүүлэх юм. Гадаад харилцааны яам Монгол иргэдээ, тухайлан энгийн паспорт эзэмшигч иргэдийг гадаад улсад аль болох хөнгөлөлттэй нөхцлөөр зорчих боломжийг бий болгохоор ажиллаж байгаагийн үр дүнд "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Дорнын бүгд найрамдах Уругвай улс хоорондын хэлэлцээр"-т өнөөдөр гарын үсэг зурлаа.  

Хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар баталснаар хүчин төгөлдөр үйлчлэх юм. Мөн айлчлалын хүрээнд Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт талууд хоорондын улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, талуудын ашиг сонирхолд нийцсэн бүс нутгийн болон олон улсын асуудлыг хэлэлцэх зорилгоор хоёр жилд нэг удаа зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах асуудлыг тусгажээ.

Дашрамд дуулгахад, Уругвай Улс нь Монгол Улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс болох юм.