Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Ингэснээр тус улс руу шууд нислэгтэй болох юм байна.

Мөн ирэх оны хоёрдугаар улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх тийзийн үнэ 1,000-1,500 ам.доллар болж буурч, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болох, эхний ээлжид АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлжээ.

Тодруулбал БНСУ-тай Агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдлээ. 

Түүнчлэн Монгол Японы хооронд 7 хоногт 61, Монгол Туркийн хооронд 7 хоногт 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлээд байгаа юм байна.

МИАТ компани энэ онд хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Бойнг 787-9 агаарын хөлөг хүлээн авч нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр Монголоос дэлхийн аль ч цэг рүү шууд нисэх боломж бүрдлээ.


Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ