АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын Африкийн дөрвөн оронд хийх аялал эхэлж, тэрбээр Гана улсын нийслэл Аккра хотноо хүрэлцэн очсон байна.

Уг аялал нь тус тивийн ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хийгээд АНУ-ын Олон улсын хөгжлийн байгууллагын /USAID/ боловсролын хөтөлбөрүүдийг сурталчлахад гол анхаарлаа хандуулах ажээ. М.Трамп мөн хоёр улсын дипломат харилцааг эрчимжүүлэх зорилгоор Кени, Малави болон Египет улсад айлчлах юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Дональд Трамп Африкийн орнуудыг доромжилсон үгээр тодорхойлсон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ. Харин хатагтай Трампын энэхүү аялал нь уг шүүмжлэлийг намжаах зорилготой байж болох юм гэж ажиглагчид үзэж байна.

“Африк тивийн үзэсгэлэнтэй, өөр өөр ёс заншилтай дөрвөн улсаар хийх аяллаа тэсэн ядан хүлээж байна” гэж М.Трамп аяллын өмнө цахим хаягтаа нийтэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг