Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусийн халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэжээ. 

Тус зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй.

Цар тахлын аюул арилаагүй, дэлхийн улс орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбоотой манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээгээ эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Энэ үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг санхүүжүүлэхийн тулд дээрхи хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь зүйтэй гэж шинээр байгуулагдсан Засгийн газар үзэж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Уг зээлийг коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн бэлтгэлтэй байх нөхцөлийг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах аж.